”Утаагүй Улаанбаатар”-ыг өөрчлөх нь

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

”Утаагүй Улаанбаатар”-ыг өөрчлөх нь

Хуралдаанаар хэлэлцсэн дараагын асуу­дал Утаагүй Улаанбаатар хөтөлбөр бат­лах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн нэ­рийг бүтээн байгуулалтыг өрнүүлэн улсын хэмжээнд ажлын байр шинээр бий болгох замаар хот, хөдөөгийн ялгааг буу­руулах, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үндэслэл бү­хий “Шинэ бүтээн байгуулалт” гэж өөрч­лөх саналыг байнгын хорооны хурал­даанд оролцсон гишүүдийн олонхи дэмж­сэнийг чуулганд танилцууллаа. Энэ нь уг хөтөлбөрийн нийт төсвийн 289 тэр­бум нь шууд утаанд зарцуулагдаж байгаа боловч нийт 18 их наяд төгрөгний төсөвтэй  хөтөлбөрийн дийлэнхи хэсэг нь бүтээн байгуулалт барилгажилт хийхэд зориулагдаж байгаагаас болж байгаа гэнэ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 18 их наяд төгрөгний 10 их наяд нь Улаанбаатар хотод, 8 их наяд нь хөдөө орон нутагт зарцуулагдах аж. Уг хөтөлбөрийг хэрэг­жүүлс­нээр хүн амын эрүүл аюулгүй ор­чинд амьдрах эрхийг хангах бөгөөд агаа­рын бохирдлыг стандарт хэмжээнд хүр­гэх, улсын хэмжээнд ажлын байр ши­нээр бий болгох замаар хот хөдөөгийн ял­гааг арилгах зэрэг олон асуудлыг ший­дэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн зорилгыг Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өр­нүүлс­­­­­нээр хот төлөвлөлт, эрчим хүч, ин­же­не­рийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэж, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах замаар нийтлэг тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор ший­дэж, хөгжлийг жигд хангаж, хүн амынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэгдэхээр өөрчлөн найруулахаар болжээ.

Ингээд өөрчлөн найруулах чанартай 26 санал орж ирсэн нь шинэ суурьшлын бүс бий болгон 18600 айлын орон сууц барих, төрийн байгууллагыг эзэмшлийн нам даралтын зуухны түүхий нүүрсний хэрэглээг арилгах, ингэхдээ цахилгаанаар ажилладаг болгох, гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар багасгах, хуурай хог хаягдлын цогцолбор байгуулах, бүсийн тулгуур төвүүдэд аялал жуулчлалын төв байгуулах, 500 мянган тонн шахмал түлж үйлдвэрлэх зэрэг байсан бөгөөд санал хураалтаар бүгд дэмжигдсэн байна.  

“Нинжа” нар сар бүр татвар төлнө

УИХ-ын баасан гаригийн чуулганаар Орлогыг нь тухай бүр тодорхойлох бо­ломж­гүй ажил үйлчилгээ хувиараа эрх­лэгч иргэний орлогын албан татварын ту­хай хуульд нэмэлт оруулах тухай хуу­лийн төслийг хэлэлцэх эсэхийг шийд­лээ. Энэхүү хуулийн төслийг Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийн хамт өр­гөн мэдүүлжээ.

Энэ хуульд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд орлогын албан татварыг төлөхөөр хуулийн төсөлд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл хувиараа ашигт малт­мал олборлогч иргэд хамтран ажил­лах гэрээний үндсэн дээр бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион бай­гуу­лаг­даж үйл ажиллагаа явуулж болох хууль эрх зүйн орчин бүрдүүлж, түүнтэй уялдаж тэдгээр иргэдэд ногдох албан татварыг тогтоох зорилгоор Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулинд бичил уур­хай эрхлэгчээс авах албан татварын хэмжээг тогтоосон заалт нэмэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд бичил уурхай эрхлэгч нараас 10 мянга найман зуун төгрөгийн татвар авахаар тусгасаныг нь зарим ги­шүүн шүүмжилж байсан бөгөөд гар ар­гаар алт олборлогдог хүмүүс таваас зур­гаан мянган төгрөгний ху­раамж төлдөг. Түүнийг заавал хоёр дахин нэмэгдүүлэх  хэ­рэг байна уу гэв. Мөн энэ­хүү хуулийн төслийг үзэл баримт­ла­лын хувьд эргэн харах шаард­лагатай байгааг УИХ-ын гишүүн Д.Энхбат онцолж, эх­лээд гар аргаар алт олборлоно гэд­гийг зүй ёсны үйлдэл эсэ­хийг шийдээгүй байж татвар ху­раа­на гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрэв тийм бол хулгайч, биеэ үнэлэгч нараас мөн адил орлого олсон гэж татвар хураах уу хэмээв.

Харин үүнд нь  Ц.Сэдванчиг гишүүн  хариулахдаа, бичил уур­хай эрхлэгч нараас татвар хураа­даг байхаар төсөлд тус­га­саны хамгийн гол зорилго нь эдгээр хүмүүсийг нийгмийн харилцаанд хам­руулж тэднийг  хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн даатгалтай болгох үүднээс бий болсон тухай хариуллаа.

Гишүүд уг төслийг хэлэлцээд тат­вар авахдаа гол биш бичил уурхайд ажил­лаж байгаад амь насаа алдаж байгаа хүмүү­сийн хөдөлмөр хамгаалалтад анхаарах, байгаль орчны нөхөн сэргээлтийн та­лаар тодорхой зүйл заалтыг тусгах хэрэг­тэй. Иймд хуулийн төслийн эцсийн хэлэл­цүүлгийн үеэр  асуудлыг нухацтай авч үзэх нь зүйтэй гэсэн бөгөөд хуулийн төс­лийг хэлэлцэхийг олонхи нь дэмжлээ.

Дээд сургуулиудыг цогцолбороор нь хөгжүүлнэ

УИХ-ын баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байв.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд тэргүүлэх зорилтуудыг хэрэг­жүүлж, ялангуяа уул уурхай, ашигт малт­малын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төвлөрсөн байв. Үндсэн чиглэлийг өмнө нь намрын чуулганаар хэлэлцдэг байсан бол энэ жилээс хаврын чуулганаар оруулан хэлэлцүүлж байгаагаараа онцлог юм.

Энэ жилийн үндсэн чиглэлд сал­ба­руудыг нийтэд нь хамруулаагүй бө­гөөд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажил­лагаанд төвлөрсөн аж. Энэ нь да­вуу талтай боловч зарим асуудлыг орхиг­дуул­сан тухай шүүмжлэлийг ч араасаа да­гуулж байлаа.

Боловсролын талаархи бодлого чиг­лэл­тэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гон­чиг­дорж “12 жилийн сургалттай бол­сонтой холбогдуулан багш нарын бо­л­овсролыг яаж дээшлүүлэх вэ, Кемб­ри­жийн хөтөлбөр үнэхээр гадаадад хү­лээн зөвшөөрөгдөхүйц байж чадах уу, Дээд боловсролын шинэчлэлийн үр дүн ирэх жил яг ямар байхаар тооцоологдож байна вэ, хувийн их дээд сургуулиудыг яаж аттестачлах вэ, Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвийг бэхжүүлэхдээ ямар чиглэлийг илүү үзэх талаар асуухад Ч.Хүрэлбаатар сайд “Яамны зүгээс 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл, түүний дотор багш нарыг бэлтгэх ажил хийгдэж  байгаа. Гадаадын  дээд сургуулиудын багш нарыг авчирч сургалт хийнэ. Мөн Кембрижийн хөтөлбөр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стан­дар­таар бэлтгэгдэнэ. Энэ жилээс шинэ стан­дартын дагуу хөтөлбөрийг хоёр арван жилийн сургууль дээр хэрэгжүүлэхээр болсон. Дээд боловсролын хувьд цогцол­бороор зохион байгуулах шийдвэр гарсан, ирэх жилээс барилгын ажил эхлэнэ, 2015 онд Налайхад эхнийх нь ашиглалтад орно. Хувийн их дээд сургуулиудад хэр­хэн нэгдэж кампусын зохион байгуу­лалтад орохоо өөрсдөө сонгоно. Шинэч­лэх концепци боловсрогдож байна. Мэр­гэж­лийн сургалт үйлдвэрлэлийн хувьд ойрхон үйлдвэрлэлтэй байх, ажил мэр­­гэж­лийн кодыг боловсронгуй болгох ажил хийгдэж байна” гэв.

Үндсэн чиглэлийн талаархи хэлэл­цүүлэг удаан үргэлжлээгүй бөгөөд Б.Чой­­жилсүрэн гишүүний “Үндсэн чиг­лэ­лээр намын бүлгүүд болон байнгын хороод дээр ажлын хэсэг байгуулагдах учир асуулт хариултыг зогсооё, гишүүд саналаа бичээд өгөх учир дараа нь саналаа томьёолоод хэлэлцүүлэх боломжтой” гэсэн горимийн санал дэмжигдсэнтэй холбоотой юм. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуухдаа улс орны эдийн засгийн бүхий л салбарыг уул уурхайд төвлөрүүлэх нь хэр оновчтой юм бэ, бусад салбарыг хөгжүүлж улс орныхоо эдийн засгийн бүтцийг цогцоор нь харсан бодлого хэрэгтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хэрэг­тэй байна зэрэг саналыг гаргаж байлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл бат­лах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төс­лийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад олон­хийн саналаар дэмжиж, уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан өндөрлөв.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж