Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал Мартин Дахиндин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Швейцарийн хөгжлийн агентлаг төлөөлөгчийн газраа нээсний 10 жилийн ойг тохиолдуулан хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны улсад айлчилж тус улсын орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчим, шууд ардчиллын тогтолцооны туршлага судлан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг хоёр тал тэмдэглэв.
Уулзалтын үеэр Тамгын газрын дарга П.Цагаан "Хоёр улсын дипломат харилцааны түүх албан ёсоор 50 жил боловч Монголчууд Швейцарийн хууль цааз, төрийн тогтолцоог сонирхсон нь 100 жилийн түүхэн улбаатай"-г онцолж, өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад Швейцарийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулах, тэдэнд хөрөнгө оруулалтын таатай орчны талаарх мэдээллийг түгээхэд цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэхийг хүслээ. Уулзалтад тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жан-Жак де Дардел байлцав.
Уулзалтын төгсгөлд Швейцарийн зочид, төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцав.