
Ирэх мягмар гаригт гарын үсэг зурах Хятад-Тайванийн худалдааны гэрээг эсэргүүцсэн олон арван мянган иргэд гудамжиндаа гарч эсэргүүцлээ илэрхийллээ. Шинээр байгуулах энэ гэрээ Тайваны эдийн засагт хортой нөлөө үзүүлнэ гэж эсэргүүцэгчид үзэж байгаа юм. Уг гэрээ батлагдвал экспортын татвар буурч, хөрөнгө оруулалт хийхийг илүү хялбар болгоно. Энэ гэрээ Тайваний эдийн засгийг улам хөгжүүлнэ гэж гэрээг дэмжигчид ярьж байгаа бол Хятадууд бүх Тайванийг худалдаж авах үүд хаалгыг нээж байна гэж эсэргүүцэгчид нь үзэж байна.
Хятад Тайвань хоёр 1949 оны иргэний дайнаас хойш тусдаа засаглалтай байгаа хэдий ч Хятад тус арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Гэрээг эсэргүүцэж байгаа Тайванийн Ардчилсан дэвшилтэт намын удирдагчид Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээний тохиролцоо хэмээх нэртэй энэ гэрээг батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлээд байна. Тайванийн гудамжинд 32.000 орчим хүн гарч жагссан гэж цагдаагийн газрууд мэдэгдсэн бол 100.000 гаруй жагсагч байсан гэж сөрөг хүчний нам үзэж байна.
Одоо гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа энэ гэрээ батлагдсанаар хоёр улсын хооронд жилд 100 тэрбум ам.долларын арилжаа хийдэг болно. Тайванийн экспортын 40 хувь нь Хятад руу чиглэх юм. Тайваньчууд Хятадад 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж тооцоолж байна. “Энэ гэрээг байгуулснаар Тайвань Гонкгонг шиг Хятадын газар нутгийн нэг хэсэг болно. Тайваньчууд тусгаар тогтнол, ардчиллыг бий болгохын төлөө маш их зүтгэсэн. Бид Хятадуудад зүгээр байж байгаад удирдуулж, хянуулахгүй” гэж резиний үйлдвэрийн ажилчин Чанг Куо-Мин “АР” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Жагсаалд оролцож байсан жирийн иргэдийн нэг Ву Хсиен-Че энэ гэрээг “чихрээр амталсан хор” гэж нэрлэж байв. Энэ гэрээг байгуулах нь Тайванийн өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлөх тул байгуулах нь чухал гэж Засгийн газар нь үзэж байгаа юм. Харин улс төрийн сөрөг хүчнийхэн энэ гэрээг байгуулах нь Хятадын улс төрийн атганд орох анхны алхам болно гэж болгоомжилж байна. Ихэнх тайваньчууд эх газрын Хятадтай буцаж нэгдэхийг эсэргүүцдэг. Түүнчлэн гэрээ байгуулснаар Хятадын хямдхан импортын бараанууд орж ирж, үйлдвэр заводууд хаагдаж, ажлын байр устах болно гэж ярьж байна. Хэдийгээр олон арван жил тус хоёр газар хоорондоо сөрөг байр суурьтай байсан хэдий ч худалдааны хувьд зузаан харилцаатай гэж “BBC” агентлагийн Тайпей хот дахь сурвалжлагч Синди Суй ярьж байна.
Хятад улс энэ гэрээнд ер бусын өгөөмөр нөхцөл Тайваньд олгож байгаа бөгөөд Хятадын зах зээлд гарах 539 бүтээгдэхүүнийг тарифгүй болгоно. Үүнд автомашины сэлбэг, эд ангиуд, нефьтийн химийн бодисууд, жимс зэрэг бараа бүтээгдэхүүн багтаж байна. Үүний хариуд Тайвань Хятадын 267 бүтээгдэхүүний импортын татварыг бууруулна. Хятад Тайванийн үйлчилгээний салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломжтой болох бол тайваньчууд Хятад дахь компьютерийн үйлчилгээ, нисэх салбарын засвар, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх боломжтой болно.
Тайванийн одоо байгаа ерөнхийлөгч Ма Инг-Жео өмнөх удирдагчдаа бодвол Хятадтай илүү ойр харилцаатай байгаа бөгөөд 1949 оноос хойш болсон олон хямралууд Тайванийн хоолойн хямрал зэрэг улс төрийн сөргөлдөөн, хүйтэн харилцааг зөөллөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Гэсэн ч одоог хүртэл Хятадын 1,000 гаруй пуужин тус улсыг бай болгон чиглүүлсэн байдаг бөгөөд ингэснээр Тайванийг албан ёсоор тусгаар тогтнуулахгүй гэсэн бодлого баримталж буй гэгдэж байгаа юм.
Т.Бадрах