Орос, Хятад байгалийн хий нийлүүлэх гэрээ баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Орос, Хятад байгалийн хий нийлүүлэх гэрээ баталлаа

ОХУ-ын ГАЗПРОМ нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн CNPC корпорациуд байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхай хотноо баталлаа. Энэ талаар ИНТЕРФАКС, CNN агентлагууд мэдээлэв.

 

Байгалийн хийг дорнод маршрутаар нийлүүлэх урт хугацаат гэрээ нь 30 жилийн турш хүчинтэй байх бөгөөд нийт үнийн дүнгээрээ 400 тэрбум ам.долларын гэрээ гэдгийг ГАЗПРОМ-ын Гүйцэтгэх захирал Алексей Миллер онцолжээ. Гэхдээ тэрээр хийн нэгж үнэ ямар байхыг нууцалсан байв.

 

Зүүн маршрутаар хий нийлүүлэх харилцан ойлголцлын улс хоорондын тунхаглалд ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, БНХАУ-ын Эрчим хүчний газрын дарга У Синьсюн нар гарын үсэг зуржээ. Арван жилийн өмнөөс хүлээлт үүсгэсэн энэхүү тунхаглалыг үзэглэхийн өмнө ОХУ-ын талаас хий олборлож буй орд газрыг татвараас чөлөөлөхөө мэдэгдсэн бол Хятадын талаас хийн импортын гаалийн татварыг хөнгөлнө гэдгээ мөн амлаад байсан юм.

 

Байгалийн хийн дорнод маршрут гэдэг нь Якут-Хабаровск-Владивосток гэсэн чиглэл бөгөөд жилд 61 тэрбум шоо метр хий шахах хүчин чадалтай тэрхүү маршрутаас Хятад руу салаалж хий нийлүүлэх ажээ.

 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж