Төсвийн байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж дуусгалаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2014.05.21/ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалт хийх үүднээс Засгийн газраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсантай холбогдуулан байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэлж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн оруулж ирж буй импортын бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан байна.
Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.
Манай улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын нэг дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна. Иймээс шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд татвар нь энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан гэдгээ тэрээр хэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар нар саналаа хэлсэн бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Байнгын хорооны хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Манай улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаагаас өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлага тулгарч байгаа юм. Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул улс орны эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсныг Сангийн сайд Ч.Улаан илтгэлдээ дурдлаа.
Уг хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 47 зүйлтэй юм.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Бельгийн Вант Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Энэхүү хэлэлцээрээр Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.