Зарцуулах уу танах уу?
G20-ын удирдагчид яаралтай тусламжийн сан байгуулах талаар өмнөх уулзалтын үеэр тохиролцсон бөгөөд эдийн засгийн тусламжийн арга хэмжээг зогсоохгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Европ, Япон гэсэн том эдийн засгууд дотоодынхоо эрэлт хэрэгцээг өдөөх хэрэгтэй, тэгснээр тэдгээр улсуудруу бараа бүтээгдэхүүнээ экспортолдог улсуудын эдийн засагт сайнаар нөлөөлөх болно гэж ярьж байна. Түүнчлэн улс орнууд хямралаас өөр өөр цаг мөчид, өөр хурдтайгаар гарч байгаа тул цаашид ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар улс орнуудын байр сууриуд зөрөлдөөнтэй байна. Грекийн өрийн хямралаас болж еврогийн хямралд өртсөн Европийн Засгийн газрууд төсвийнхөө алдагдлыг багасгахад гол анхаарлаа хандуулаад байна.
G20 –ийн уулзалт болж байгаа Торонто хотод бямба гаригт өргөн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд зарим газар хүчирхийлэл болсон байна. Үймээнээс болж хоёр ч цагдаагийн машин шатсан байна. G20-ийн уулзалтын үеэр удирдагчид Хойд Солонгос Өмнөд Солонгосын цэргийн хөлөг онгоцыг живүүлсэн, Израйль Газын зурваст хаалт хийж байгаа, түүнчлэн Иран болон Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгааг буруушаасан байна. Мөн дэлхийн санхүүгийн хямралаас болж НҮБ-аас дэвшүүлсэн ядуурлыг бууруулах зорилтод хүрэхэд саад учирсныг тэмдэглэв. Уулзалтын үеэр G20—ын удирдагчид хөгжиж байгаа орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд ирэх таван жилд таван тэрбум ам.доллар зарцуулахаар тохиролцсон байна.
Т.Бадрах