Архи, спиртийн сурталчилгаа явуулбал тусгай зөвшөөрлийг нь хураана

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Архи, спиртийн сурталчилгаа явуулбал тусгай зөвшөөрлийг нь хураана

Архи, спирт зэрэг хатуулаг өндөртэй согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл сүүлийн үед архи үйлдвэрлэгчид далд хэлбэрийн сурталчилгааг их хэмжээгээр явуулах болсны хамгийн сүүлийн жишээ бол “Арвай” архины сурталчилгаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нямдаваа өгүүлж байлаа. Түүнчлэн урлаг, спортынхныг ивээн тэтгэхдээ архи, спирт сурталчлуулах  явдал түгээмэл байгааг мөн шүүмжилж байлаа. Тэрбээр өөрийн яамаа төлөөлөн ХХААХҮЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар, Оюуны өмчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон архи, спирт үйлвэрлэгч компаниудын төлөөлөлтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

-Архи спиртийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хуулиар хориглоод удаж байгаа. Гэвч хуулийн заалт амьдрал дээр  хэрэгжихгүй өнөөдөртэй золгосон нь юутай холбоотой вэ. Ер нь бол архи ч гэсэн бүтээгдэхүүн биз дээ?

-Архи спирт зэрэг хатуулаг өндөртэй согтууруулах ундааг сурталчлахыг хатуу хориглосон. Энэ тухай Архидан согтуурахтай тэмцэх тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тодорхой заасан байгаа. Гэтэл аж ахуйн нэгж байгууллагууд хуулийн заалтыг үл хэрэгсэн сурталчилгааг далд хэлбэрээр явуулсаар байна. Энэ талаар иргэдийн гомдол ч маш ихээр ирдэг. Энэ нь хууль дүрмийг биелүүлэхгүй байгаатай л холбоотой. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, хяналтыг чангатгахын тулд “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт үйлдвэрлэгчдийг төлөөлөн Спирт бал бурам, АПУ, Увс хүнс, М-Ти-Эс, Жем интернэйшнл, Би Цэ трейд зэрэг компанийн удирдлагууд гарын үсэг зурсан. Эдгээр үйлдвэрүүд архи, спиртийн үйлдвэрийн 60 орчим хувийг эрхэлдэг. Үлдсэн 40 хувийг 1000 шахам жижиг үйлдвэрлэгч нар эзэлж байна. Тэдэнд ч энэхүү санамж бичиг хамаатай. Архи спиртийг үндэсний үйлдвэрэлэл биш гэхгүй ч эрсдэлтэй бүтээгдэхүүн гэдгийг онцолмоор байна. Өнөө өглөө би мартын үеэр гарсан гэмт хэргийн мэдээллийг харахад ихэнх хэрэг согтуугаар үйлдэгдсэн байна. Нэн ялангуяа зочид буудлуудад хүчингийн хэрэг олон гарсан байсан. Энэ бол архи хэрэглэсний л гай шүү дээ. Тэгэхээр сурталчилгааг хориглохоос аргагүй.

-Санамж бичигт гарын үсэг зурсан аж ахуйн нэгжүүд архи, спиртийн сурталчилгаа хийхгүй гэсэн үг биз дээ. Хэрэв сурталчилгааг ил далд хэлбэрээр явуулбал ямар арга хэмжээ авах вэ. Хуулинд бол 250 мянган төгрөгөөр торгох заалт байдаг. Энэ нь томоохон үйлдвэрлэгч нарт, ялангуяа архи үйлдвэрлэгчдэд шийтгэл болж чадах уу?

-Эдгээр компаниуд өнөөдрөөс эхлэн архи, спиртийн сурталчилгаа явуулахгүй. Бусад нь ч мөн адил. 250 мянган төгрөгийн торгуулийн тухайд ганц удаа тавиад орхих хэмжээ биш. Алдаагаа засаагүй тохиолдолд хэдэн ч удаа торгож болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтагдсан хэмжээгээр нь торгууль оногдуулах боломжтой. Гэхдээ энэ жилээс бид архи, спиртийн сурталчилгааг чангатгах үүднээс тусгай зөвшөөрөлтэй нь ярих болно. Сурталчилгаа  явуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах болно.
Сурв: Өнөөдрийн байдлаар манай улсад спиртийн 12, архины 76, пивоны 10, дарсны есөн  үйлдвэр  ажиллаж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жилд нийт 119,8 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 63,8 сая литрийг импортлон оруулж иржээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд пиво, дарс, шимийн архи зэрэг хатуулаг багатай согтууруулах ундааг цагийн хязгаартайгаар сурталчилж болно гэж заасан байдаг ажээ.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж