Өнөөдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн олон улсын уулзалт Гадаад хэрийн яаманд болж өнгөрлөө. Тус уулзалтанд олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлүүгүүдийн дэлхийн нийт 18 төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож буй. Уг уулзалтанд Монгол дахь бүрэн эрхт элчин сайдууд ч мөн өндөр ач холбогдол өгөн оролцож байгаа ажээ. Уг уулзалтын үеэр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хөтөлбөр хамтын ажиллагааны дарга Д.Ариунтунгалагтай уулзаж ярилцснаа уншигчдадаа хүргье.
-Өнөөдрийн уулзалтанд ер нь хэчнээн орны төлөөлөгч ирсэн бэ?
-Монголын улаан загалмайн нийгэмлэг түншлэл 2014 уулзалт хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Улаан загалмайн зүүн Азийн бүсийн дарга, Ази номхон далайн салбарыг хариуцсан орлогч дарга болон Хятад Англи, Норвеги, Нидерланд, Япон зэрэг манайхтай маш удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа нийгэмлэгүүдийн 18 төлөөлөгч ирсэн. Энэ удаагийн Улаан загалмайн түншлэлийн зорилго нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хөдөлгөөний үзэл санаа, үндсэн зарчмууд, эрх зүйн ойлголтуудыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн амь нас, амьжиргааг эрсдэл, гамшиг, ослоос сэргийлэх, аврах, нөхөн сэргээх үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх;
нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг олон нийтэд тулгуурлан хэрэгжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан эмзэг бүлгийнхэнд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, амжиргааныхаа төвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах МУЗН-ийн стратеги төлөвлөгөөг бодит үр дүнд хүргэхийг зорьж байгаа гэнэ.
-Өмнө болж байсан уулзалтуудаас энэ удаагийн уулзалт юугаараа онцлог юм бол?
-Монголын улаан загалмайн нийгэмлэг 1939 онд буюу Халх голын дайны үед байгуулагдсан. 1959 онд Монгол Улсын Засгийн газар Женевийн конвенцод нэгдсэнээр манай байгууллага олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар зэрэг нийгэмлэгүүдэд гишүүнээр элссэн. Энэ жил манай Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдсаны 75 жил, гишүүнээр элссэний 55 жилийн ой мөн тохиож байгаагаараа тун онцлог юм. Энэ удаагийн уулзалтын өдрүүдэд үндэсний чуулганаа хийж шинэчилсэн дүрэмтэй боллоо. 2000 онд батлагдсан Улаан загалмайн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар боловсруулалтынхаа шатанд явж байгаа.
-Улаан загалмайн байгууллага ер нь Монголын хүн амын хэчнээн хувьд нь хүрч ажилладаг вэ?
-Өнөөдрийн байдлаар Монголын улаан загалмайн нийгэмлэг нийт хүн амынхаа гурван хувьд нь хүрч хамтарч ажиллаж байгаа. 2017 он гэхэд 20 хувь хүртэл өсгөх зорилготой. Мөн манай нийгэмлэг нь зөвхөн байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үед орон нутаг, олон нийттэй хамтарч ажиллахаас гадна шийдвэр гаргагч нарт нөлөөллийн, чиглэлийн, бодлого, бичиг боловсруулалтын төвшинд хамтарч ажилладаг. Бид цаашид шашны, боловсролын, төрийн болон төрийн бус, иргэний бүх байгууллагуудыг хүмүүнлэгийн үйлст оролцуулна гэж бодож байгаа.
-Улаан загалмайн нийгэмлэг улс бүрт нэг л байдаг уу?
-Монголын улаан загалмайн нийгэмлэг нь өөрийн гэсэн хуультай. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр 189 үндэсний нийгэмлэгүүд байгаа. Засгын газар нь Женевийн конвенцид нэгдсэнээр нэг л Улаан загалмайн эсвэл Улаан хавирган сар нийгэмлэг байгууллага байгуулагддаг. Олон улсын холбооныхоо төв болох Женевээс зөвлөмж авсны дагуу өөрсдийнхөө дүрмэнд өөрчлөлт оруулсан. Бусад үндэсний нийгэмлэгүүд ч мөн өөрчлөлтөө хийгээд явж байгаа. Англи, Японы нийгэмлэгүүдтэй бид 10 жил хамтарч ажиллаж байна. Тэд өөрсдийн хийсэн өөрчлөлтөө уг уулзалтаар хуваалцаж, нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор өнөөдрийн уулзалтыг хийж байна.
-Иймэрхүү уулзалт хийгээд үр дүн хэр байдаг вэ?
-2011 оноос хойш одоо л уулзаж байна, бүс нутгийнхан. Энэ уулзалтаараа гамшгийн бүсийн төвүүдийг байгуульяа, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тухай ярилцсан. Жишээ нь баруун бүсийн нутагт гамшиг боллоо гэхэд Улаанбаатраас тусламж хэр удаж байж очих билээ. Өгч байгаа тусламжийг маань хүргэх тээврийн хэрэгслийн зардал хэд болох вэ. Тиймээс бид зүүн, өмнөд, баруун, хангайн, говийн гэх мэт долоон гамшгийн бүсийн төвийг байгуулсан.
Э.ТЭКҮ