
Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн бямба гаригт Б.Шаравын “Чингис хаан” түүхэн монгол дуурийг амилууллаа. Дуурийн театрыг зорин ирсэн үзэгчдийн дунд морин дэлэн дээр монгол гэсэн нэрээ цуурайтуулан, дэлхийн талыг байлдан дагуулсан, агуу их хааны балчир ахуйгаасаа хаанд өргөмжлөгдөх хүртэлх үеийн амьдралын хатуу бэрх амьдрал баатарлаг гавъяаг харуулсан дуурийг үзэж сонирхох гэсэн гадаадын иргэд олон байлаа. “Чингис хаан” үндэсний дуурь нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй бөгөөд УГЗ найруулагч Л.Эрдэнэбулганы найруулгаар, УГЗ удирдаач Ж.Бүрэнбэх удирдлаа. Тус дуурийн Тэмүжинд баритон Э.Бумхүү, Өэлүн эхэд меццо сопрано, Ардын жүжигчин А.Долгор, Бөртэ үжинд сопрано Д.Туяа, Жамухад тенор Ц.Доржсүрэн, Ван ханы дүрд басс Р.Батболд, Хасарт тенор Ч.Түмэндэмбэрэл, Хуагчинд меццо сопрано БУГЖ Д.Долгормаа, Хирэлтугт Ц.Баттөр, Сорхан шарт Б.Алтанхуяг, Билгүтэйд М.Боргилчулуун, Боорчид Ч.Чинзориг, Сохатай хатанд Ц.Ариунаа, Орбай хатанд Ө.Уянга, Хадаанд Ш.Наранчимэг, Тэнүүлчид М.Амарсанаа, Г.Шижирболд, Чирхайд Э.Амартүвшин, Мэнлиг эцэгт О.Батбаатар, Сочигилд Б.Цэрэнханд, Эргүүлийн ахлагчид С.Мөнхэрдэнэ, Дорой хөвгүүнд Д.Шагдарсүрэн нар тоглон, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид, балетын жүжигчид, симфони найрал хөгжим оролцлоо.

Нэгдүгээр үзэгдэл эхлэхэд морьдын янцгаах сонсогдон, хөдөө адуун сүрэг дунд Өүлэн эх хүүхдүүдийн хамт байна. Есүхэй баатарын хөвгүүд нь морьд унан инээлдэнэ. Хөшиг хаагдан тайз солигдоход Монгол аймгийн тэргүүн Есүхэй баатар Татар аймагт хорлогдон нас баржээ. Өнчин таван хүүхэдтэйгээ үлдсэн Өүлэн эхийн эзгүйд Тайчуудын Сохатай, Орбай хатад, цаг хувиран Есүхэй баатар өөд болсон тул салж нүүхээр ярилцан зогсоно. Өүлэн эх ирэн тэднийг ийнхүү ярилцан зогсохыг буруутган хэлсэн ч хатад доогтой инээлдэн хаангүй төрд хамтран суух хэрэг үгүй салж нүүх нь дээр хэмээн одоцгооно. Өүлэн эхийг өнчин таван хүүтэйгээ үлдсэн хатуу бэрх цагт хаян нүүсэн тайчууд хорон санаа өвөрлөн эргэн ирж Тэмүүжинг олзлон авч одно. Тайчуудын өргөөнөө хоёрдугаар үзэгдэл эхлэн Тэмүүжинг олзлон ирсэн тэд гав гинж зүүлгэн, араг тэрэгт хүлэн, айл бүрт аваачин жившиглэх зарлиг буулган, барлагууддаа даатган явуулна. Тайчууд барын зулзагыг бага дээр нь дарах хэрэгтэй. Бид Тэмүүжинг олзлон ирсэн хойно одоо айх зүйлгүй хэмээн найрлан сууцгаана. Найрын бүжиг, тайз засал, хувцас, хэрэгсэл үнэхээр гайхалтай. Тухайн цаг үед ийм л байсан байх даа гэсэн мэдрэмжийг дуурийн тайзнаас мэдэрч байлаа. Тэргэнд гав, дөнгөөр хүлүүлсэн Тэмүүжин Өүлэн эх болон дүү нараа санагалзан гунигын дуу дуулан зогсоход хянаж байсан харгалзагч өрөвдөн тавьж, өөрийгөө шархдуулан үлдээхийг гуйна. Харгалзагчийн гуйлтаар Тэмүүжин түүнийг цохин унагааж, харанхуйн дунд зугтан алга болно. Тайчуудын туслахууд ирэн харгалзагчийг хөсөр хэвтэж байхад нь олж, оргосон Тэмүүжний эрэлд хатан ноёд нь хилэгнэнэ. Харин Сорхан шар Тэмүүжинтэй таарсан ч түүнийг хэлэлгүй нуун өнгөрөөдөг. Эрэл мухардан түр намжих зуур усны харгилд зэгс зуун амьсгалж хэвтсэн Тэмүүжин Сорхан шарынд гүйж ирдэг. Өвгөн тайчууд айлаар нэгжин буйг хэлэн амь гаргахын тулд охин Хадаантайгаа нийлэн халуун зунаар овоолсон унгасандаа нуудаг. Тайчууд гэнэт ирсэн ч Сорхан шар халуун зун унгасанд юу гэж хүн байхав хэмээн аргацаан тэднийг буцаадаг. Сорхан шар Тэмүүжинд ухаа залгуулахад ачийг нь мартахгүй, ахин уулзах ерөөл тавин эх, дүү нараа зорин одно. Тэмүүжин гэртээ эргэж ирэн Өүлэн эх, дүү нартайгаа уулзана. Энэ үед урьд цагт Есүхэйн сүй тавьсан Дэйсэцэнгийн охин Бөртэг бэр буулган авч, Минлэг эцэг, дүү Бэлгүүтэй нарын хамт ирнэ. Бэлгүүтэйгийн дүрд “Ньюанс” хамтлагийн дуучин М.Боргилчулуун чадварлаг тоглосон. Эртний танил Боорчи, Зэлмэ нар ирж нөхөрлөн Тэмүүжингийн овог аймаг тэлэн өргөжинө. Гэвч урьд цагийн эцэг Есүхэйн Мэргэдийн Чилэдүгээс Өүлэн хатныг булаасан өсийг нэхэж Мэргэдийнхэн цэрэглэн ирж Бөртэ хатан, эмс хүүхнийг нь булаан одоцгооно.
Дөрөвдүгээр үзэгдэл тэр үед Монгол аймгуудын дунд хамгийн хүчирхэг нь байсан Хэрэйд аймгийн хаан Тоорил вангийн тансаг өргөөнөө үргэлжилнэ. Ван хан Тоорил дээр Жамуха зочлон ирж ярилцан байхад эцгийн эртний анд, номын багшаасаа Тэмүүжин тусламж хүсэхээр дүү Хасарын хамт бараалхан эхнэр Бөртийг эртний өс санан мэргэд олзолсныг хэлэн хүч өргөн туслахыг хүсэн хар булган дахыг өргөн барьдаг. Тоорил хааны өргөөнөө Жамухтай тааралдан эртний андууд уулзалдсан тул найр хийн Ван хан миний анд Есүхэйн хүү Тэмүүжин чамд туслая гэх ба мөн Жамуха хүчин хавсарч эхнэр Бөртэг нь эргүүлэн авчирхаар Мэргэд аймгийг дайлан мордохоор тохиролцоно. Утаа үнэртсэн дайны дүнсгэр талбарт тавдугаар үзэгдэл эхэлнэ.Тэд Мэргэдтэй дайтан дийлж Бөртэг буцаан авна. Тэмүүжин Жамухад хүч өргөн дайтсанд андын нөхөрлөлөө бататган алтан бүс өргөн барьдаг. Хариуд нь Жамуха мөнгөн бүс өргөн солилцог ч Тэмүүжинг явсаны дараа Жамуха олсны бүс солилцох олигтой ёр биш хэмээн дотроо явна. Ийнхүү Тэмүүжин, Жамуха хоёрын их тэмцэл эндээс овог аймгаа нэгтгэвэл хэн эзэн суух вэ гээд эхлэдэг. Зургадугаар үзэгдэл Ононы мөрнөө эхэлнэ. Эх нутагтаа дайснаа дарж, дархан цолоо мандуулан. Эхнэр Бөртэг авч ирсэн Тэмүүжингийн эр зориг, эрэлхэг баатарлагийг олон даяар магтан тэр үеийн олон овог, аймаг, бүлэг, хүрээ улсууд дагаар орон хүчээ өгнө. Тэдний дунд Монголын хаадын алтан ураг Алтанхучир зэрэг нэр нөлөө бүхий эхэс дээдэс байна. Тэд цөм санаа нэгтгэж “Монгол улс хаангүй байж болохгүй, бөө зайрангийн төлөгт ийм байна” гэлцэн “Тэнгэрийн зарилгаар Тэмүүжин чамайг хаан болгоё” хэмээн “Чингис” цол өргөмжилж хамаг Монголын хаанд заллаа. Чингис хаан цагаан сүлдээ дээрээ тахин, өндөр дээд суудалд залран тайзнаа алгуурхан гарч ирэхэд дуурийг үзэж байсан бүх үзэгч босон халуун алга ташилтаар дуурь жаргадаг. Монгол хүн бүрийг бахархалыг бадраан омогших сэтгэл төрүүлсэн дууриас, үзэгчид сэтгэл хангалуун, хоорондоо магтан ярьж байгаа харагдсан.
Г.Даша