УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үдээс хойш үргэлжилж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Тус хуульд Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр заагаад байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хуулийн төсөл дээр улсын нийт өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувиас хэтрүүлэхгүй гэж байгаа боловч, бодит байдал дээр өрийн хэмжээ ДНБ-ний 90 хувьд хүрэхээр байна. Ийм нөхцөлд Монголын нэг иргэнд 7 сая төгрөгийн өр ногдоно. Энэ нь зөвхөн Засгийн газарт хамаарах өрөөр тооцсон тооцоолол. Бусад өр зохицуулалтгүйгээр үлдэж байна” гэж шүүмжилсэн юм.
Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Бусад орнууд өр тавих бол тодорхой шалгууруудыг хангаж байгаа эсэхээ нягталдаг. Тухайлбал, долоон үзүүлэлтээс гурвынх нь үзүүлэлт муудсан бол зээл авахаа хойшлуулдаг. Өрийн удирдлагын тухай хуульд энэ мэт шалгуур үзүүлэлт байхгүй байна. Зээл авахыг буруутгахгүй ч гол нь түүнийгээ үр дүнтэй төсөл хөтөлбөрт зарцуулж чадаж байна уу гэдгээ анхаарах ёстой” хэмээж байлаа.
Г.ДАРЬ