Хойд Солонгосын төлөөлөгчид болон АНУ-ын Засгийн газрын экс удирдлагууд энэ долоо хоногт Монголд Пхеньяний цөмийн хөтөлбөрийн талаар зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалтад Пхеньяний цөмийн зэвсгийн хөтөлбөрийн зургаан талт хэлэлцээрт оролцогч Хойд Солонгосын зөвлөлийн дарга Ри Ен-хо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жоел Уит тэргүүтэй албаныхан оролцох аж. “Ёнхап” агентлагт мэдээлснээр Монголд болох зөвлөлдөх уулзалтанд оролцохоор Хойд Солонгосын талын төлөөлөгч Ри Ен-хо өчигдөр /V.20/ Хятадын нийслэл Бээжин хотод ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зөвлөлдөх уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилготой зургаан талт хэлэлцээрийг дахин эхлүүлэх талаар хөндөх гэнэ.
Хойд Солонгос улс дөрөв дэх удаагийн цөмийн туршилтандаа бэлтгэж байна гэх хардлага өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс хойш олон улсын анхаарлыг татаж буй юм. Пхеньян дөрөв дэх цөмийн туршилтанд бэлтгэж буй гэдгийг Өмнөд Солонгос, АНУ-ын хиймэл дагуулын зурагт илэрсэн сэжигтэй үйлдлээр тайлбарлаж байгаа.
Пхеньяний цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээр 2008 оноос хойш зогссон билээ. Хэлэлцээрт хоёр Солонгос, АНУ, Хятад, ОХУ, Япон улсууд багтдаг юм.
Б.АНХТУЯА