Хэвлэл мэдээлэл ба Гэмт хэргийн хууль

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээлэл ба Гэмт хэргийн хууль

 

Хууль зүйн сайдыг огцруулах асуудал хөндөгдөх үеэр олон нийтийн зүгээс хамгийн хүчтэй дэмжлэгтэйгээр тавьж байсан байр суурь бол “Хуулийн шинэчлэлийг наад хүнээрээ хийлгээч” гэх үгс байсан юм. Иргэдийн хувьд хуулийн байгууллагын хэн нэгэн ажилтны дарамтгүйгээр хэргээ шалгуулах, шударгаар шүүлгэх, зохистой хариуцлага хүлээх, хүлээлгэх, хохирлоо барагдуулдаг болохыг л ихээр хүсч байсан нь ийнхүү хуулийн шинэчлэлийг хийж л байвал түүнийг гардан хэрэгжүүлэх  хүн нь ямар нэгэн ёс суртахууны доголдолтой эсэх нь огтхон ч хамаагүй гэх, ямар ч үнээр хамаагүй хэрэгжүүлэх ёстой гэх хандлага хүчтэй байсан юм.

Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдан УИХ-д орж ирэх “тийз”-ээ авчихсан нэгэн хуулийн төслийг “News” агентлагаас цувралаар танилцуулахаар шийдлээ. Ганц хуулийн төслийг цувралаар танилцуулахын учир нь энэ хуулийн хэмжээ, цар хүрээнээс болж буй юм. Тодруулбал, Үндсэн хуулийн дараа орохуйц, тусдаа салбар судлагдахуун болдог Эрүүгийн хуулийг цогцоор нь өөрчлөх хуулийн төсөл буюу Гэмт хэргийн тухай хууль нь дээр дурдсанчлан иргэдийн хүсэн хүлээж буй хууль болох учиртай.

Зөвхөн хэмжээний хувьд дунд зэргийн зузаантай ном шиг олон хуудас эзлэх энэ хуулиар яг ямар ямар өөрчлөлтүүд орох гэж буйг, хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөхийг тухайн цаг бүрт бид мэдээлэж байх болно. Өнөөдрийн хувьд энэ хуулинд хэвлэлийнхэнд хамааралтай ямар зүйл заалт, зохицуулалт байгааг сонирхлоо.

Хамгийн эхэнд онцолбол уг хуульд хэвлэлийнхэнд хамааралтай үзэл баримтлалын томоохон өөрчлөлт оржээ. Тэр нь одоо үйлчилж буй Эрүүгийн хууль дахь доромжлох, гүтгэх гэсэн гэмт хэргийг үгүй болгож буй явдал. Сэтгүүлчдийг дарамталдаг, амыг нь барих гэж оролддог, айлгадаг ганц заалт бол энэ. Мэдээж мэдээллийн эх сурвалжаа сэтгүүлч нууцлах эрхтэй. Гэвч ийн нууцалж гүрийснийхээ төлөө өөрсдөө ял шийтгүүлж орхидог. Тэгвэл Гэмт хэргийн тухай хуульд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчдийг албан тушаалтан, эрх мэдэлтний зүгээс дарамталдаг заалт болох гүтгэсэн, доромжилсон хэмээн яллаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, эсхүл 1-3  сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхзаалт байхгүй болж буй юм.

Гэвч энэ нь бусдыг гүтгэх, доромжлох боломжийг нь өөгшүүлж байна гэсэн үг бас биш.Хүний нэр төрийн баталгааг зөрчсөн бол хэрхэн хамгаалахыг Иргэний хуульд заачихсан. Өөрөөр хэлбэл хэн нэгэн гүтгүүлсэн доромжлуулсан л гэж үзэж буй бол Эрүүгийн биш Иргэний хуулийн дагуу гомдлоо гаргаад хохирлоо барагдуулна гэсэн үг.

 

Ерөнхийд нь хуулийн төслийг боловрсуулахдаа хэвлэл мэдэээллийн байгууллага өөрсдөө дотроо асуудлаа шийдвэрлэх, хариуцлагаа ярьдаг болох, тусгайлсан хуулиараа зохицуулалт хийх боломжийг нь олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуулийн дагуу мэдээлэл олж авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг нь харин зөрчил хэмээн үзсэн байна. Үүнийг хуульд тусгахдаа “Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах” гэсэн хэсэгт хуульчилсан ба “Албан тушаалтан тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамаарах албан ёсны баримт, мэдээллийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл зориуд бүрэн бус мэдээлэл өгсөн, эсхүл илт худал мэдээлэл өгсний улмаас иргэний эрх зөрчигдсөн бол 100-1300 /нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун/ гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол 100-2340 /нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин/ тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Гэвч нэг талд мэдээлэл олж авах эрх байдаг ч, нөгөө талд нь нэр төр, хувийн халдашгүй нууц гэж бас бийг мартаж болохгүй. Үүнийг ч хуульчлахаар болж. Тодруулбал “Хувийн мэдээллийг зүй бусаар авч, хэвлэл мэдээллээр түгээхийг гэмт хэрэг хэмээн үзсэн бөгөөд хувь хүний нууцалдаг зүйлийг хууль бусаар олж мэдээд түгээн дэлгэрүүлбэл уг үйл явц нь хууль зөрчсөн үйлдэл” гэж ажлын хэсгийнхэн санал нэгдэжхувь хүний нууцад хамаарах баримт, мэдээллийг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол 400-4670 /дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан/ тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тусгасан байна.Өөрөөр хэлбэл Хувь хүний нууцын тухай хуулинд заасан тэр нууцыг нь дэлгэж, түгээхгүй шүү гэсэн аж.

Хэвлэл мэдээллийнхэнд хамаарах Гэмт хэргийн тухай хуулийн заалт гэвэл энэ. Ямартаа ч төслийн хэмжээнд нь харвал хэвлэлийнхэнд халтай зүйл харагдсангүй. Дараагийн удаад яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш, төгрөгөөр биш “тооцох нэгж”-ээр хариуцлага ногдуулах болсныг хүргэх болно.  

Б.МАНДАХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж