Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатартай Шанхай хотноо энэ сарын 20-21-нд болж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-д оролцох үеэр уулзаж ярилцлаа.
-Энэхүү хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзлаа. Энэ уулзалтын ач холбогдлын талаар хэлэхгүй юу?
-Монгол, Хятад улсын харилцаа энэ уулзалт нь онцгой түүхэн ач холбогдолтой боллоо. Манай хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд хөгжиж байна. 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх гэрээг харилцан үзэглэсэн. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бишкек хотноо ноён Си Жинпинтэй албан тушаалаа авснаас хойш анх уулзсан. Даваа гаригт болсон уулзалтын үеэр манай Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Жинпинийг Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урилаа. Ноён Си Жинпин урилгыг хүлээн авч байгаагаа хэлсэн. УИХ-ын дарга З.Энхболдыг БНХАУ-д айлчлах үеэр ноён Си Жинпин “Дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад гаднаас ашигт малтмал импортлох шаардлагатай байдаг. Хятадын хөрш болсон Монгол Улс ашигт малтмалын арвин баялагтай. Бид Монголд давуу байдал, боломж олгохыг зорьдог” хэмээн хэлсэн. БНХАУ-ын дарга энэ үгээ сая дахин нотоллоо.
-Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө арвин байгаа байх. Эдгээр ажлаасаа танилцуулахгүй юу?
-1945 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсанаа зарласан. Монгол улс үүнээс долоо хоногийн дараа аравдугаар сарын 8-нд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон найм дахь орон болсон юм. Үүнээс хойш 65 жил өнгөрч байна. Ойн жил улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын үйл явдлаар арвин байх нь. Энэ 65 жилийн ойг “Найрсаг солилцооны жил” болгож байгаагаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд зарласан. Он гарсаар Монгол Улсын Засгийн газрын найман сайд БНХАУ-д ажлын айлчлал хийгээд байна. БНХАУ-ын дарга Си Жинпиний Монголд хийх айлчлалын үеэр эдийн засаг, хууль эрх зүй, хүмүүнлэгийн чиглэлээр томоохон баримт бичгүүдийг үзэглэхээр бэлтгэл ажил, яриа хэлцэл хийгдэж байна.
Д.НАРАНТУЯА. /БНХАУ. Шанхай/