“Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй”

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

“Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсаас тэтгэмж хүртэн, ядруухан амьдарч байдаг гэхчлэнгээр бид өнгөцхөн бодож, сэтгэдэг аж. Харин тэднийг нийгмийн нэг хэсэг байж, бусдын адил ажилллаж, амьдарч, агуу мөрөөдөл тээн явдгийг хэн бүхэн анзаарч хардаггүй ээ.

Монгол орны баруун хязгаараар 5500 км замыг туулахаар бэлтгэл ажилдаа ороод буй Ч.Мөнгөндалайтай уулзлаа. Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод төрсөн Ч.Мөнгөндалай хоёр жилийн өмнө Улаанбаатар хотноо баруун дөрвөн замд байрлах Политехникийн коллежийг дүүргэсэн. Одоо тэр сургуульдаа цахилгаанчнаар ажилладаг. Тэрээр Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”-ын гишүүнээр ажиллаж, хүүхдүүдэд өвлийн өвгөний бэлэг тараах, Туул гол орчмыг цэвэрлэх гээд нийгэмд тустай ажлуудад байнга идэвхтэй оролцдог нэгэн. Төрөлхийн хэлгүй, сонсголын бэрхшээлтэй ч ганц олдох амьдралаа дэмий өнгөрөөхийг хүсдэггүй. Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр очиж, нүдээр харах хүсэл, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусын энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдсөн энэ залуу хэдийн бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Түүний энэ сайхан санаачлагыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Энхтайван дэмжиж, нутгийнхаа аж ахуй нэгж, байгууллагуудад Ч.Мөнгөндалайдаа туслаж, дэмжихийг уриалан уриалга гаргажээ.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зэхэж буй Ч.Мөнгөндалайд тус багадахгүй. Эрс тэрс уур амьсгалтай Монгол оронд 5500 км зам туулан аялна гэдэг хэр баргийн аавын хүүгийн зорих ажил биш.

Өнөөдөр бид түүнийг редакцдаа урьж, ярилцлаа. Ч.Мөнгөндалай хэлний бэрхшээлтэй учир бидний ярилцлага цаасан дээр бичгээр буулгаж, ойлголцсоноор таньд хүрч байна. Би асуултаа, Ч.Мөнгөндалай хариултаа цаасан дээр бичиж, ярилцлаа.  

-Монгол орноо дугуйгаар тойрон аялна гэж хэзээнээс төлөвлөв?

-Би 2012 оноос дугуйгаар аялж эхэлсэн. Анх дугуйгаар аялж эхэлсэн цагаасаа Монгол орноо тойрохсон гэж боддог болсон. Тэгээд 2014 оны зун ямар ч байсан Монголынхоо баруун аймгуудаар аялахаар шийдсэн.

-Яагаад баруун зүгээс аяллаа эхлэхээр шийдсэн юм бол?

-Зургаас харахад Монгол орны баруун хязгаар маш үзэсгэлэнтэй, сайхан харагдсан. Мөнх цастай оргилуудыг өөрийн нүдээр харахыг хүссэн хэрэг. Ертөнцийг бүхлээр нь таниулдаг ганц чухал зүйл маань миний нүд шүү дээ.

-Урт замыг олон хоногийн турш туулах хэрэг гарна. Тэгэхээр бэлтгэлээ сайн базаасан биз дээ.

-Аялалд хэрэгтэй зүйлсээ авахад бага зэрэг мөнгөний хэрэг гарсан. Сэлэнгэ аймгийн Сайхан Сумын Засаг дарга С.Энхтайван ах маань аяллыг дэмжиж, уриалга гаргасан. Дугуйн аяллын хэрэгслүүд маш их үнэтэй. Улсын их дэлгүүрээс авах гэхээр мөнгө хүрдэггүй. Гэхдээ хүмүүсийн тус, дэмээр аялал маань сайхан бүтэх байх аа. Хүнд мөнгө төгрөг хэрэгтэй ч хамгийн чухал нь сэтгэл шүү дээ.

-Аяллаа хэзээ эхлүүлэх вэ?

-Аяллынхаа хэрэгслүүдээ цуглууж дуусгана. Бэлтгэл ажлаа тавдугаар сарын 31-ний өдөр гэхэд дуусгах санаатай. Түүний дараа аялалдаа гарна даа. Гол нь санхүүгийн байдлаа л харж байна. Найз нөхөд маань дансны дугаараа зарлаж, тусламж хүсэхийг зөвлөсөн. Facebook-т энэ тухайгаа бичсэн. Энэ дашрамд та бүхнийг намайг дэмжин, ярилцлага авч байгаад их баярлалаа. Би их сандарч байна.

-Аяллаа ганцаараа хийнэ гэсэн бил үү?

-Тийм ээ. Өөрийн хүссэнээрээ, тааваараа явахыг хүссэн хэрэг. Хүссэн газраа унтаж амраад, тэгээд л аяллаа үргэлжлүүлнэ дээ. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг биз дээ.

-Аяллаар явахад дутуу зүйл бий юү?

-Унадаг дугуйн сэлбэг хэрэгслийг “Аттила” дугуйн клуб бэлэглэнэ гэсэн сайхан мэдээ байна. Одоо очиж уулзах санаатай. Дутуу зүйл байх нь байгаа.

-Ганцаараа ийм урт замыг туулна гэхээр айх зүйл алга уу?

-Хүсэл мөрөөдөл байхад хөгжлийн бэрхшээлтэй эсэх хамаагүй. Ганцаараа туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

 

Ингээд бидний яриа өндөрлөлөө. Ярилцлагын дараа түүний хөтөлдөг “Mongol duguin ayalala MD-Deaf” фэйсбүүк хуудсаар орлоо.

Энэхүү хуудаст “Залуу дугуйчин клуб”-ээс:

-Энэ хүн /Ч.Мөнгөндалай/ маань сонсголын бэрхшээлтэй, ярьж чаддаггүй хэдий ч дугуй унах их дуртай, мөн Монголыг дугуйгаар тойрох мөрөөдөлтэй. Ч.Мөнгөндалай маань өчигдөрхөн Залуу дугуйчин клубын нэг гишүүний хулгайлагдсан дугуйг унаж явсан хүнийг дарж цагдаа иртэл дээр нь хэвтэх шахан тогтоож нэг нөхрийнхөө алдсан дугуйг нь олж өгчээ. Нэг клуб болж дугуй сонирхогч залуус нэгдэж байгаагийн давуу талыг энэ жишээ харуулж байна. Ч.Мөнгөндалайдаа баярлалаа гэж бичжээ. Тухайн үед юу болсныг асуутал “Аймаар чадалтай хулгайч” байсан гээд инээж байна.

Ч.Мөнгөндалайгийн Монгол орныхоо гайхамшигт байгалийг очиж, үзэх гэсэн мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна. Хөгжлийг бэрхшээл гэх хорвоогийн хатуу хувь тавиланг хүсэл мөрөөдлөөр даван туулахаар аялалдаа гарах гэж буй Ч.Мөнгөндалай хүүд туслаарай.  Түүний хандивын данс: Төрийн банкны 104400224360. Таны сайхан сэтгэлийн тус түүнийг хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэгт итгэлтэй. Тус хэзээ ч багаддаггүй.


Ингээд түүнд анхны тусламжийн гараа сунгасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын уриалгыг уншигч та бүхэндээ хүргэе.   

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж