УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Х.Баттулга гишүүнтэй нэг нутгаас сонгогдсон. Ер нь олон сонгогдсон нэр хүндтэй хүнтэй хамт сонгогдохоор дарагдах ч гэдэг юм уу, асуудал гардаг юм шиг. Та Х.Баттулга гишүүнээс их хамааралтай байдаг уу?
-Нэг намын, үзэл бодол нэгтэй, нэг тойргийн хоёр. Би МоАХ-ны хүн, Баттулга манай дарга. Бид эртнээс биенээ мэднэ. Гэхдээ яг нэг хүн шиг байна гэж юу байхав.
-ҮХАА-н сайдыг чөлөөлөхөд та цээжээрээ хамгааллаа. МАН-ын зарим хүн засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе гээд их л хатуухан хэлж байна.
-Тиймэрхүү юм болох нь болсон. Манай монголчууд нэг туйлшрахаараа бүгд нэг тал руугаа явчихдаг, нэг магтахаараа тэнгэр тулгадаг. Гадныхан ярьдаг. Төвдүүд хэн ч биш хүнийг хувилгаан болгож чаддаг. Манайхан хувилгаан хүнийг ч дарсаар байгаад хэн ч биш болгочихдог гэдэг. Хүнийг ор тас үгүйсгэж болохгүй юм. Хийсэн бүтээсэн ажил байна. Нэг нутаг усны, нэг тойргоос сонгогдсон хүн, би л хэлж ярихгүй бол өөр хэн хэлэх вэ. Бүгд магтаад л хойноос нь гүйсэн үед мэдээж би тэгж ярихгүй. Хийсэн бүтээснийг нь харлуулж байгаа үед хэн ч байсан өмгөөлж, хийсэн бүтээснийг нь сануулж хэлэх нь зөв л дөө.
-МоАХ фракц гэж бараг байхгүй, ганц Баттулга дарга нь бий, бусад анхдагчид нь архинд ороод, ер нь нам- төрийн ажилд оролцохоо байсан гэдэг?
– Зөв зүйтэй яваа, байх ёстой фракц бол МоАХ гэж бодож байна. Ардчиллын үйл хэргийн төлөө анхнаас зүтгэсэн улс. 2000 оноос албан тушаал, алдар нэр, эд хөрөнгө сонирхлоороо нэгддэг болсон л доо. МоАХ 1990 оны үнэт зүйл дээрээ одоо ч зогсож хадгалж яваа. МоАХ- ны хамгийн гол хүнийг Ерөнхийлөгч Элбэгдорж гэж хэлнэ. МоАХ-ны үүсгэн байгуулагч, одоо ч терд зүтгээд явж байна. Одоо бол элдэв нам хөдөлгөөнд оролцохгүй, төвийг сахих үүрэгтэй байх л даа. Үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд МоАХ чигээрээ л байгаа, энэ үнэт зүйлийг тээж яваа хүн гэж ойлгож байна. Талийгаач Зориг МоАХ-ны хүн. Бид ерээд оноос хамт явсан, үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүс. МоАХ-нд олон залуучууд байлаа.
Олон жил өнгөрлөө, гишүүдийн зарим нь жаахан уух үе байлгүй яахав. 20 гаруй жил МоАХ-ны гишүүн гэдгээрээ адлагдаж ажилд авдаггүй үе байсан. Монголд ямар хүн байна, ямар давхарга байлаа, тэр дотроос болохоо байлаа, энэ нийгмийг өөрчилье гэсэн хүн МоАХ-д орж ирсэн, хэсэг залуучууд нэгдээд явсан. Өнөөдрийг хүртэл хамтдаа яваа хүн олон бий. Улс төрөөс хөндийрч, бизнес хийж ажил амьдралаа аваад явж байгаа ч хүн бий. Идэж уугаад архинд орсон ч хүн бий. Зарим нь бидний дунд алга. Манай нутгийн, манай нэг төгсөлтийн Ш.Пүрэвсүрэн гээд сайхан залуу байсан. Өнөөдөр бидний дунд алга. МоАХ фракц ардчиллын үнэт зүйлийг тээж яваа АН-ын хүчтэй фракцын нэг.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг фракцууддаа албан тушаал тэнцүү хуваарилж, хүч тэнцүүлж эвээр авч яваа гэдэг. Одоо МоАХ-ны хүн сайдынхаа ажлыг өглөө. Үргэлжлүүлээд МоАХ фракцын хүнийг оронд нь тавина гэдэг ч юм уу, тохироо хийсэн болов уу?
-Сайн мэдэхгүй байна. Албан тушаал сонирхдоггүй хүн, ажил төрөл нь сайн явж л байвал хэн хийж байх нь сонин биш. Ер нь албан тушаалтай болъё гээд гүйж харайгаад, энд тэнд нэр усаа бичүүлээд, улайрсан нөхөд байдаг даа. Тийм хүмүүсээс л төрийн албан тушаалыг хол байлгамаар. Ер нь за яахав, очих уу, байх уу гэж бодож, хийх ажлаа бодож төлөвлөсөн хувийн атгаг сонирхолгүй хүн тухайн ажлыг маш сайн нийдэг юм шиг байгаа юм.
-Та “давхар дээл” тайлах асуудлыг дэмжиж байсан ч эцэст нь санал бодлоо өөрчилсөн гэх юм билээ?
-Миний хувьд давхар дээлийг тайлах нь зүйтэй гэж үздэг хүн. Ардчилсан нийгэмд засаглал хуваах гурван зарчим гэж байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх- засаглал гэж хуваагдаж, харилцан бие биеэ хянаж байхгүй бол засаглал нэг хүнд ч юм уу, хэсэг хүнд төвлөрчихвөл дээр үеийн хаант засаг, дундад зуун эргэж ирж байна гэсэн үг. 76 гишүү-ий гуравны нэг нь Засгийн газрын гишүүн байхаар хууль тогтоох байгууллага нь хянах зарчмаа алдчихаж байгаа. Парламент 100 гишүүнтэй байлаа гэхэд 7-8 нь засгийн газарт ажиллаж болох л юм.
-“Давхар дээл”-ийн асуудлыг 2016 оны 7 сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна, дээрээс нь улс төр тогтворгүй болбол өрх толгойлсон хүмүүс, ажил төрөлгүй, орлого багатай хүмүүс, хүүхэд хөгшдөд хүнд тусна. Ийм хүнд үед улс төрийн тогтворгүй байдлыг нэмээд яах вэ гэж 2016 оны 7 сарын 1- нээс хэрэгжүүлээд явах нь зөв байх гэж санал нийлсэн. Нөхцөл байдал ийм хүнд байгаа болохоор л ийм шийдвэр гаргасан. Зарим нь эдийн засаг хямарчихсан үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя, тал бүрийн нам ороод хамтарч ажиллая гэж яриад байгаа. Би бол үүний эсрэг байгаа.
Хэмнэлттэй, орон тоог нь багасгасан Засгийн газар байгуулах ёстой гэж бодож байгаа. Яамдын тоог нэг орон тоонд багтааж, Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Ухаалаг засаг луу явах ёстой. УИХ-аас 9 сайд томилоод ажиллуулбал хамаарал нь арай багасах болов уу. УИХ дотроос 7-8 сайд ч ажиллуулдаг юм уу, УИХ нь Засгийн газраа хянаж чадах хэмжээнд шахаж ажиллуулаад, дадлага туршлагатай улс нь удирдаад явбал үр дүн гарах болов уу гэж харж байна.
-Экс гишүүн Б.Мөнхтуяа, Увсын Нямхүү болно гээд байсан…
-Би Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Тэр энэ гэж ярьсан юм алга. Бүлгийн хурлаар ярьж эхлэх байх. Дараа нь намаараа ГЗ-өөр ярих байх.
– Орж ирээд хоёр жил гаруй боллоо. Энэ хугацаанд…
-Гаднаас нь харах өөр, дотор нь ороод ажиллах өөр, сайн ч муу ч юм байна. Хоёр жил бага хугацаа биш. Өөрийн зүгээс ч, нөхдүүдтэйгээ хамтраад нэлээн ажил амжуулж байна. Тухайлбал татварын асуудлыг ярьж, татвар бага байх хэрэгтэй гэж алтны рояалти буюу өсөн нэмэгдэх татварыг 2,5 хувь болгож, ажлын хэсгийг нь ахалж ажиллалаа. Иргэний нисэхийн бодлого боловсруулж ажлын хэсгийг нь ахалж батлууллаа. МИАТ үндэсний агаарын тээвэр нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. МИАТ-ийг хувьчлах ёстой гэж бодож байсан боловч чадсангүй, гэхдээ зохих хэмжээний амжилт байна. Доллар 1800 гарлаа. Хэрвээ алтны хуулийг батлуулж чадаагүй байсан бол өнөөдөр Монголын ард түмний амьдрал бүр хүнд байх байж, долларын ханш 2000 гарах байжээ гэж бодож байна.
-Таныг хүн сайн мэддэггүй, МАН-ын үеийн нэг дэд сайд Ганбат гэж гишүүн байдаг юм байна гэж биччихсэн байсан. Энэ мэт хандлагыг яаж хүлээж авдаг вэ?
-Тоодоггүй дээ. Надад 6000-7000 хүн саналаа өгсөн. Тэр тусмаа манай Баянхонгорынхон сүрхий хүн таньдаг улс. Хэн ч хүний гарыг барьж байгаад нэрээ дугуйлуулж чадахгүй. Тэр хүн өөрөө сонголтоо хийнэ. Энэ 20-иод жилд сонгогчид их хэрсүү болсонГ
Өөрийнхөө өмнө хүлээсэн ажлаа хийгээд, сонгогчдынхоо төлөө ажиллаад явж байхад болох байлгүй. Улс төр багийн тоглолт гэдэг ч онцгойрох ялгарах юм, өөр санаа бодолтой үе байлгүй яахав. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг байна гэж байхгүй. 70 хувь нь багийнх байлаа гэхэд 20-30 хувь нь хувь хүний үзэл бодол байлгүй яахав. Баянхонгор аймгаас сонгогдсон хоёр гишүүн Шинэ сум төслийн хүрээнд хоёр сум нээлтээ хийлээ. Цаашдаа Баянхонгор аймгаа жишиг аймаг болгоно гэж бодож явна. Манай Баянхонгороос гурван сум төвийн эрчим хүчинд холбогдоогүй. Энэ гурван сумыг наадмаас өмнө холбочихно.
Манай аймаг хилийн боомтгүй ганц аймаг. Ямар ч ажлын араас хөөцөлдөхөд сэтгэл, зүтгэл, хөл хүч зарахгүй, санаа тавихгүйгээр бүтдэг ажил гэж ерөөсөө байхгүй. Манайд араас нь хөөцөлдөж нэлээн юм болж байж нэг ажил босдог. Баянхонгор аймагт хэд хэдэн сургууль, цэцэрлэг барьж байна. Хилийн боомттой болохоор ярьж байна. Урагшаа хүн мал байхгүй, дархан цаазтай газар гэж байна. Тийм биш ээ, боомт нээж хил залгаа орныхоо хүмүүстэй харьцаж байж тэр аймаг орон хөгжинө. Хэдэн жуулчин орж ирсэн ч хэрэгтэй. Хоёр орон нутгийн удирдлага нь ч уулзаж учраад явж байвал арай өөр. Угаасаа дэлхий хавтгай, нээлттэй болсон. Сурах зүйлээ сураад, туршлагаа хуваалцаад явж байх нь зүйтэй.
-Таныг Дуугүй суудаггүй гишүүдийн нэг гэдэг. Бүлгийн хурал дээр бүр ширүүн байдаг, гэхдээ далайлт нь чанга ч, буулт нь зөөлөн гэх гишүүн гэлцэх юм билээ?
– АН-ын бүлгийн хурал юм чинь ширүүхэн болно. Дарга нараа, Засгийн газраа сайн шүүмжилдэг гишүүний эхэнд орно шүү. Байнга хэлж ярьдаг, болохгүй бүтэхгүй зүйлийг нь шүүмжилдэг хүн. Болохгүй бүтэхгүй юм байна. Гэхдээ манайх 200 гаруй жил манжийн дарлалд байлаа, дараа нь 70 жил хуучнаар ЗХУ- ын хараат, Монголын асуудлыг Кремль шийддэг байлаа. Сүүлийн 20-ид жил МАХН, одоогийн МАН засаг барьж байлаа.
Манай нам 1996-2000 онд засгийн эрх барьсан нэртэй баахан засгийн газраа солиод тоглуулаад дууссан. Өнөөдөр АН засгийн эрхэнд гараад ажиллаж байгаа үед аль болох Засгийн газраа дэмжээд алдаа дутагдлыг нь хэлж ажиллуулах бодолтой байна. Бүх юмыг болохгүй бүтэхгүй гээд унагачихаж болмооргүй байна, 1996-2000 оны алдааг давтмааргүй байна. Ардчиллынхаа үнэт зүйлээс ухралгүйгээр зөв залаад чиглүүлээд явах ёстой. Энэ нь Монголын ард түмний эрх ашигт бүрэн нийцнэ гэж бодож байгаа.
-Та УИХ-д орж ирэхээсээ өмнө ямар ажил эрхэлж байсан бэ? Сайн бизнесмэн байсан гэж сонссон.
-Ямар ч гэсэн 200-300 хүнийг ажлын байртай, цалинтай байлгачихдаг, өөрийнхөө гэр бүлийг аваад явчихдаг, татвар түрээсээ бүгдийг нь төлдөг, хууль зөрчдөггүй, хуулийн дагуу ажиллаж, бизнес хийдэг байсан. Хажуугаар нь нутаг орноо, намаа дэмждэг, ардчиллыг ялчихаасай гэж боддог байсан. Хэрэв ардчилал ялдаг байсан бол би упс төр лүү орохгүй байсан байх. Баянхонгор аймагт ардчиллыг ялуулахад хувь нэмэр орууллаа, ардчилал олонх болж, төриин гурван өндөрлөг нь манай намаас сонгогдоод явж байна. Энэ миний мөрөөдөл гэдэг юм уу, гол нь би УИХ-д гарахдаа биш, АН ялаасай гэж бодож байсан. Бид санасан бодсоноо зах зухаасаа хэрэгжүүлээд явж байна.
-Таныг хувьдаа бизнесгүй, “Женко”-гийн халааснаас гараад ирсэн гэж хардаг?
-“Техник импорт” компаниар минь хүмүүс сайн мэддэг, өөр компани ч бий. Би 2008 оны УИХ- ын сонгуульд өрсөлдөж, цөөхөн саналаар ялагдаж байсан байсан. 1990-ээд оноос хойш Баянхонгор аймагт ажиллаж байна, 2000 оноос хойш жил болгон очиж ажилладаг, Баянхонгор аймаг дахь АН-аа дэмждэг, 10 гаруй жил тэндээс ҮЗХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
-Та УИХ-ын гишүүн болсноор таны мөнгө өссөн үү? Зарим нь гишүүн болоод баяждаг л гэдэг?
-Мэдээж би хэнээс ч юу ч гуйхгүй. Монгол улсад ардчилал зах зээл, нээлттэй нийгэм нь учир дутагдалтай байна, тэгээд л наашаа орж ирсэн. Би амьдрал ахуйгаа тодорхой хэмжээнд болгочихсон хүн. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй, шөнө унтаж чадахгүй байдалтай болох шаардлагатай ч юм уу, үгүй ч юм уу. Дээр үед, социализмын үед хүн ханаж чаддаггүй, тэр тусмаа хувийн өмчтэй хүн гэж Карл Маркс, Ленин сургадаг байсан. Хүн өөрөөсөө л шалтгаална. Ханаж цаддаггүй хүн байна, байгаа зүйлээ болж байна, бүтэж байна гээд сэтгэл хангалуун явдаг хүн ч байна.
Би хоёр дахь хүн нь юм шиг байгаа юм. өөрийнхөө хэрэгцээ, хэрэглээг хангаад, хэдэн хүнийг цалин пүнлүүтэй болгоод явж байхад заавал бүгдийг авах, зах зээлээ бүгдийг хянах ч юм уу, тийм хүсэл алга. Шунал сайн зүйл гэдэг. Надад байдаггүй юм шиг ээ. Социализмын үед өссөн, манай аав ээж багш болохоор тэр юм уу, цаашаа явъя, бизнесээ томруулъя гэж бодоогүй. Сүүлийн 10 гаруй жил манай компани тэргүүний татвар төлөгч болсон. Татварын газар, МҮХАҮТ- ын Топ 100 компанид байнга л шалгарч явдаг. Манайх эхэнд байдаг таван компанийн нэг биш, эхний 50 дотор байдаг л компани.
-Эхний 50, ер нь Топ 100 компанийн захирлуудыг хүмүүс бүгд л мэддэг. Та тэгэхээр даруухан хүн үү?
-Багадаа сахилгагүй байсан, гэхдээ хичээлдээ сайн. Сайн дураараа цэрэгт явж байсан. Хөдөлгөөнтэй үе маань өнгөрчихсөн, төлөвшөөд даруу болчихоод их олон жил болж байна. Цэргийн алба гурван жил хаасантай холбоотой ч юм уу. Би хойно Украйны Киевт цэргийн сургууль төгссөн хүн.
-Та хүний эрхийн дэд хорооны дарга. Сая урьдчилан хорих төвд Газрын тосны газрын дарга асан Амарсайхан нас барлаа. Үүнд анхаарлаа хандуулж байна уу? Он гараад таван хүн нас барсан, нэг Малайзын иргэн ял эдэлж байгаад нас барсан гэж сонссон.
-Ирэх мягмарт гарагт Хүний эрхийн дэд хороо хуралдана. Хууль зүйн сайдын хорих байгууллагын талаар, мөн ХЭҮК-ын санал гомдол ямар байгаа, тэр дагуу авч байсан арга хэмжээний талаар албан тушаалтнуудын илтгэлийг сонсоно. Он гарсаар таван хүн хорих газар нас барсан юм билээ. Урьдчилан хорих төвд анх удаа хүн нас барлаа. Иргэн А нас барсан, би нэр усыг нь хэлэхгүй байгаа. Хүмүүс гадуур яриад байгааг гайхаад байгаа юм. Хорих газар 2005 онд 32 гаруй хүн нас барж байсан юм билээ. Хамгийн бага нь 2012 онд 10 гаруй хүн нас барсан байдаг юм билээ.
Өнөөдрийн ажиллаж байгаа албан тушаалтан, хорих байгууллагын нөхцлөөс илүү хууль зүйн орчин болохгүй байна гэж үзэж байгаа. 2002 онд баталсан Эрүүгийн хуулийг хүмүүс шоронжуулсан хууль ч гэж ярьдаг. Шоронжуулсан эсэхийг нь би мэдэхгүй. Өнөөдөр МУ 8000 хоригдолтой. Андрей Вышинский гэдэг хуульч хүн байдаг. Сталин олон жил шоронд суусан хүн, 1916-17 онд Сталины өмгөөлөгчөөр ажилласан. Дараа нь Сталинг ЗХУ-ын засгийн эрх барьж байх үед прокурор байсан хүн. Тэр хүний баримталдаг арга нь, ер нь социалист бүх системд хэрэглэж байсан, хэрвээ сэжигтэн өөрөө хэргээ хүлээсэн бол, өөрөөр нь хэргийг нь хүлээлгээд ял өгөөд бай гэсэн зарчим байдаг.
Тэрний онолоор сурсан улс хуульчид манайд цөөнгүй бий. Манайд эхлээд саатуулж, урьдчилан хорих төвд хорьж эрхийг нь хасаж байна. Цааш нь сунгасаар 2-3 жил хорьж байна, 3- 4 сар байцаахгүй хорьж байна. Энэ бол буруу. Хууль шүүхийн шинэтгэл, хууль эрх зүйн орчлонг шинэчлэх хэрэгтэй. Ингэвэл хоригдлуудын тоо цөөрнө. Заавал хорихгүйгээр торгууль, барьцаа авч гадуур байлгаж, үүнээс гадна хүний .эрхийг хязгаарлахдаа бараг л шүүх хурал шиг юм хийж байж өмгөөлөгч, шүүгч прокурор, нөгөө хүн нь сууж байгаад албан ёсны шийдвэр гардаг байх болно. Хүний эрхийг дээдэлдэг орнуудад тийм л байдаг.
– Хууль зүйн сайдыг огцруулах асуудал яригдлаа. Найз охин, үр хүүхдийн асуудал гээд яригдаж байна. Үүнд яаж хандах ёстой вэ? Хувийн амьдрал уу, хувийн амьдрал…
-Би ил байгаа зүйлийг ярья. Х.Тэмүүжин гэдэг хувь хүний талаар ярих юм байхгүй. Х.Тэмүүжин манай намын гишүүдийн төдийгүй хүмүүсийн итгэж найдаж явдаг залуу улстөрчийн нэг. Гэхдээ өнөөдөр бас хэлэх ярих юм байна. Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн хүн ийм байж болохгүй ээ. Хүүхдийнх нь тухайд харахад хууль зөрчөөгүй боловч ёс зүйн талаасаа бас нөгөө нэг улс орны хууль талаасаа жаахан тиймхэн юм болсон. Хууль гэдэг дэлхийн хэмжээнд нэг л ойлголт. Хамт хууль зөрчсөн нөхөр нь Баянхонгорт оччихсон хууль тогтоох байгууллагад орж ирнэ гээд сууж байх юм.
-“МСS”-ийн Элдэв- Очир уу?
-Хүмүүс мэдэж байгаа байхаа. Х.Тэмүүжин залуу хүн ойлгож байгаа байх, алдаа дутагдлаа засна биз. 10 хуруу тэгш хүн ч гэж хаана байхав, Хазайсан болгоноо түлхээд байлтай нь биш. Залуу хүн өөрт нь сургамжтай явдал болсон болов уу.
-Та Баттулга гишүүнтэй яг хэзээнээс ойр ажилласан бэ?
-Нэг нутаг ус гээд 90- ээд оноос л нэгнээ мэднэ. Баттулга гишүүнийг 2004 онд УИХ-д сонгогдсоноос хойш нэлээн ойр, уулзаад санал бодлоо солилцоод явдаг байсан.2008 оноос бүр ойр байж Баянхонгороо цэнхэр болгоё юмсан, улс орноо ардчилал, зах зээлийн замаар улс орноо хөгжүүлэх юмсан гэж санал бодлоо солилцож, хамтраад явдаг журмын нөхөд.
-Сая УИХ-ын нэгдсэн чуулган дээр нутгийнхнаа магтаж байгаад зарим нь шүүмжлэлтэй хандаж байх шиг…
-Би сая УИХ дээр Баянхонгорынхоо талаар хэдэн үг хэлчихсэн чинь зарим нь шүүмжлээд сүйд болж байна лээ. Ер нь манай Баянхонгорынхон жалга довны үзэлгүй. Нэгийгээ дээш нь татаад чангаагаад байдаггүй. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэхээр өсөж төрсөн уул толгодоосоо, орон нутаг, сум аймгаасаа л эхэлнэ. Нэг албан байгууллагыг тэр чигт нь нэг аймгаар дүүргэчих нь юу юм. Гэхдээ нутгийнхаа улсыг дэмжиж явах нь зөв юм шиг байна. Манайхан тэр тал дээрээ муу, тэрийг ёжилж хэлсэн юм.
Нөгөө талаар хэтэрхий жалга довны үзэл гаргаж, улс орноо хөгжүүлээгүй явсан юм. Хүн болгон ёгт утгыг ойлгохгүй, тэгэхэд оюун ухааны чадвар, юмор хэрэгтэй. Манайхаас цөөхөн сайд байдаг. Архангай, Увсынхан өндөр албан тушаалд их байна гэдэг ч юм уу, нэг яам тэр чигээрээ Завханы хүмүүсээр дүүрлээ гэдэг юм уу ярьдаг л даа. Манай Баянхонгорынхонд тийм юм байхгүй. Баянхонгор говь хангай, хээр тал хосолсон гурван бүсийн нутаг.
Социализмын үед хэдэн үйлдвэрийн даргаар Баянхонгорын хүмүүс ажиллаж, чадварлаг авч явсан юм билээ. Мах импексийн Дэлэг гуай, “Алтан тариа”-гийн Цэдэв гуай байна. Олон долоон үггүй өмнөх ажлаа сайн хийчихдэг улс. Зах зээлийн үед Баянхонгорын хүмүүсийг ажилд ав, хувийн хэвшилд үнэхээр сайн ажиллаж байгаа хүмүүс манай Баянхонгорынхон байна гэж хэлсэн. Айл гэрээ сайн авч явъя гэвэл Баянхонгорын авгай ав гэж хэлсэн.
Ч.Тулга
Эх сурвалж: Сэрүүлэг сонин