УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Бодлогод, боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлж, төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тусгажээ. Мөн үүнтэй холбоотойгоор Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад өөрчлөлт орох аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сайн багштай байж боловсролын салбарыг хөгжүүлнэ. Багш нарын хөдөлмөр нэмэгдэж байгаатай зэрэгцээд ажлын үнэлэмж, нийгмийн баталгааг хангах талд бодлогод юу тусгасан талаар хариулт өгөхийг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, тогтоолын төслийг хэрэгжүүлэх 10 жилийн хугацаанд боловсролын салбарт гарах өөрчлөлт харагдахгүй байгааг онцлоод эрүүл мэндийн улмаас сургуульд явах сонирхолгүй завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг бодлогоор хэрхэн шийдэх. Зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсдэг болсноор дотуур байранд суулгаж байгааг төрөөс эргэж харах боломж байгаа эсэхийг лавласан юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн тайлбарласнаар цаашид багш нарын цалинг нэмэх бодлого барих аж. Ингэхдээ хүүхдүүдийг секц, дугуйлан зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хэрхэн хамруулснаас хамаарч урамшуулах олгох бодлого хэрэгжих аж. Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоо үргэлжилнэ. Харин зургаан настнуудыг дотуур байранд байлгах асуудал хүнд байгаа. Дотуур байранд хүүхэд асрах багш ажиллах тухай тогтоол 2010 онд батлагдсан ч хэрэгжилт муутай. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ гэв. Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлснээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи төслийг дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.
Г.ДАРЬ