УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өндөрлөлөө. Тус хорооны хуралдаанаар хорих ангийн өнөөгийн нөхцөл байдал болон хүний эрхийн асуудлын талаар Хууль зүйн сайд болон Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллийг сонслоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар байгаа талаар тус газрын дарга Д.Ядамдорж мэдээлэл хийлээ. Хорих байгууллагын эмнэлгийн эмч нарын орон тоо хүрэлцээгүй байдаг бөгөөд одоогоор зургаан эмчийн орон тоогоор дутуу ажиллаж байгаа юм байна. Харин эмнэлгийн барилгын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа талаар танилцууллаа. Мөн нийслэлд байдаг хорих эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтэн дутмаг байдаг юм байна. ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт 2014 оны эхний байдлаар нийт 8135 хоригдол, түр саатуулагдсан иргэдийг үзлэгт хамруулснаас 3857 нь хэвтэн эмчлүүлсэн гэсэн тоо байна гэдгийг танилцуулсан.
Үүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Манай байгууллагад 2013 онд нийт 650 өргөдөл гомдол ирснээс 289 нь хорих, цагдан хориход хоригдож байгаа хүмүүсээс ирсэн. Он гарснаас хойш нийт 282 өргөдөл ирсний 134 нь хорих анги, урьдчилан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн байдаг. Энэ бүх ирсэн өргөдөл, гомдоос авч үзэхэд, эрүүдэн шүүх, нэр төрийг нь доромжлон харьцахын эсрэг конвенцид нийцэхгүй байгаа. Бид хорих ангид байнгын шалгалт,сургалт явуулдаг. Энэ жил 25 хорих ангиад сургалт явуулсан бөгөөд Чехийн байгууллагаас санхүүжилтийг нь гаргуулж, цаашид олон хориход сургалт явуулахаар ажиллаж байна” гэлээ.
Ийнхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал, саяхан урьдчилан хорих 461-р ангид нас барсан Д.Амарсайханы талаар гишүүд асуулт тодруулга авч байсан юм. Энэ талаар ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж “Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар мэргэжлийн алдаа юу, хариуцлагагүйн алдаа юу гэдэг нь шийдэгдэх байх. Хариуцлагаас мултрах гэж оролдохгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Д.Амарсайхан агсны нас барсан нь гэнэтийн харамсалтай зүйл болсон. Үдээс өмнө 12 цагт төрсөн ах нь ирж уулзсан. Бичлэг нь байгаа. Инээж хөхөрсөн, баяр хөөртэй байсан. Үдээс хойш 15.00 цагт өмгөөлөгч нь ирээд уулзах гэсэн. Энэ үед н.Чандмань, н.Анхбаяр, н.Энхбат гэж дөрвөн хүн байсан. Ороод хоёр минут болоод гэнэт ухаан алдан унасан. Ухаан алдах үед нь н.Анхбаяр массаж иллэг хийсэн. Эргээд ухаан орсон. "Үхэх нь, ёоёо" гэж хэлээд дахиад ухаан алдсан. Энэ үед нь манай эмч нар дөрвөн минутад очсон. Хиймэл амьсгал хийсэн. 103 түргэн тусламж ирсэн. Үнэхээр амь насыг нь аварч чадаагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Гишүүд асуулт, тодруулга авсаны дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хорих ангид хүний эрх зөрчигдөж байгаа эсэх талаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж ажиллах горимын санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн гишүүдийн хэлсэн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд сануулах зүйтэй гэж зарим гишүүд үзсэн юм. Үүгээр Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.
Ш.ОЧ