Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажлын хүрээнд гадаад орны виз мэдүүлэх ажиллагааг монгол иргэдэд хялбар дөхөм болгох асуудлаар мөн Монгол Улсын гадаад бодлого болон төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилтнуудтай 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ГХЯ-нд уулзалт зохион байгуулав.
Уг уулзалтаар Монгол Улсын визийн бодлого, цаашдын чиг хандлага, дотоодын хууль, журамд гарч байгаа өөрчлөлтүүд болон төрийн зарим байгууллагуудад бүтэц зохион байгуулалтын талаар гарч буй өөрчлөлт, эрхэлж байгаа чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна гадаад орны ДТГ-ын консулын ажилтнуудын сонирхсон асуултанд хариулж, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг сонсон, гэнэтийн яаралтай асуудал гарах тохиолдолд шуурхай шийдвэрлэдэг арга механизм бий болгох талаар санал солилцсон байна.
Энэхүү уулзалтад Улаанбаатарт байгаа гадаадын нийт 14 дипломат төлөөлөгчийн газрын 28 консулын ажилтан, дотоодын байгууллагуудаас ХЗЯ, ЦЕГ, ИХШХЕГ, Хүйсийн тэгш эрхийн төвийн төлөөлөл тус тус оролцлоо.
Эх сурвалж: www.mfa.gov.mn