УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны тавдугаар сарын 2-ны өдөр, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын гишүүд Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан мөн оны наймдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.
Харин энэ хугацаанд ажлын хэсэг дээрх гишүүдийн санаачилсан хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн гаргасан саналыг тусгаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тодорхой болгох үүднээс зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналын томъёолол бэлтгэснээ өнөөдөр байнгын хороонд оруулж, хэлэлцүүллээ.
Тухайлбал, төслийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг “Хувьцаат компанийн хувьцааны багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хууль тогтоомжийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох саналыг гишүүд дэмжлээ.
Түүнчлэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх ажлын хэсгийн саналын томъёоллыг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болж шийдвэрлэсэн юм.
Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Г.ДАРЬ