"Гэгээн муза" наадмын тайзнаа жил бүр шахам уран бүтээлээ өргөн бэлэг барьдаг Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа энэ наадмын тайзнаас анх удаагаа "Гэгээн муза" хүртлээ. Түүнийг Азид анх удаа албан ёсны зохиогчийн эрхтэйгээр тавьсан "Ромео, Жулетта" дуулалт жүжгийн өрлөг эхийн дүрд тоглосныг үзэгчид санаж буй биз ээ. Уг жүжгийг өнгөрсөн жил анх үзэгчдэд хүргэснээс хойш ердөө гурван удаа тайзнаа тавьсан юм. Рок, попын тайзыг олон жил эзэгнэж буй хатагтай Б.Сарантуяа анх удаа дуулалт жүжигт дүр бүтээсэн нь энэ бөгөөд "Гэгээн муза" наадмын үзлэгт зориулсан гурав дахь тоглолт дээр жинхэнэ жүжигчний дүрдээ орж чадсан хэмээн ярина лээ. Драмын шилдгүүдтэй зэрэгцэн "Гэгээн муза" гэртээ залсан поп хатагтайд баяр хүргэе.
Э.ТЭКҮ