Хөгжлийн банк 20 тэрбумын ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 20 тэрбумын ашигтай ажиллажээ

Хөгжлийн банк  байгуулагдсаны гурван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Улс орны хөгжлийг түргэтгэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлэх зорилгын хүрээнд Хөгжлийн банк өөрийн 580 сая ам.долларын үнэт цаас, Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бонд болон 30 тэрбум иенийн “Самурай” бондыг тус тус олон улсын зах зээлд гаргаад байгаа юм.

Одоогийн байдлаар “Чингис” бонд болон банкны өөрийн эх үүсвэрээс аймгийн төвүүдийг автозамтай холбох төсөл, нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төсөл, “Гудамж”, “Шинэ төмөр зам” “Тавантолгойн цахилгаан станц”,  Байшин үйлдвэрлэх комбинат, Эгийн голын усан цахилгаан станц, ноос, ноолуур, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих, дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг дээшлүүлэх, “Яармагийн орон сууцны хороолол”, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн өргөтгөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эргэлтийн хөрөнгийн зээл, Сайншандын аж үйлдвэрийн парк   зэрэг улс орны эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдэд санхүүжилт олгожээ. Харин “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын эх үүсвэрээс  хуваарилагдаагүй үлдсэн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газраас зарлан шалгаруулаад буй “Үйлдвэржилтийг дэмжих 888” төслийг санхүүжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж.  Тус банк гурван жилийн хугацаанд санхүүжилт олгосон төсөл, хөтөлбөрүүдээсээ итгэл даасан, амжилттай үр дүнтэй хэрэгжиж буй таван төслийг шалгаруулжээ. Үүнд: 

–    “Дулааны цахилгаан станц III”-ын өргөтгөлийн төсөл
–    “Багануур” ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөл
–    Боинг 767-300ER онгоц худалдан авах санхүүжилтийн төсөл
–    “Түмэн сүйх” ХХК-ийн өвлийн хүлэмжийн аж ахуйн төсөл
–    Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамын төслүүдийг тус тус нэрлэв.

Хөгжлийн банк нь 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ердөө 0.08 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан бол  өдгөө нийт хөрөнгө нь 4.51 их наяд төгрөгөөр хэмжигдэх болжээ. Үүнээс зээлийн үлдэгдэл 2.56 их наяд төгрөг байгаа аж.

Тус банк анх байгуулагдсан жилдээ 0.7 тэрбум төгрөг, 2012 онд 4.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2013 онд 35.2 тэрбум төгрөг, 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар 20.8 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж эхэлсэн тухай мэдээллээ.  

Ч.ОДОНЧИМЭГ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж