Л.Гансүх: Намайг гүтгэж болно, харин үр хүүхдээр минь битгий оролд
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг ашиглан мөнгө завшсан хэрэгт холбогдоод байхдаа хил даван ор сураггүй болсон гэх мэдээллийн мөрөөр манай сайт түүнтэй холбогдон тодруулга авч байсан билээ. Харин энэ удаа БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн Л.Гансүхээс цөөн асуултад хариулт аьлаа.
– Таны эмчилгээ гайгүй юу?
-Дажгүй дээ. Ямар ч байсан хагалгаандаа орчихоод л ирлээ.
–Танаас нэг зүйлийн тодруулмаар байна. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх "Нүүрс" хөтөлбөрийн мөнгөнөөс завшсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
– “Нүүрс” хөтөлбөр бол үр дүн сайтай ажил болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд ард иргэдийн халааснаас гарах 50 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Гэр хорооллын айл өрхүүд өмнө нь нэг тонн нүүрсийг 200 мянган төгрөгөөр авдаг байсан. Тэгвэл дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр нүүрсээ 80 мянган төгрөгөөр авдаг болсон гэдэг чинь хэмнэлт мөн биз дээ. Ард иргэдийнхээ мөнгийг хэмнэж, халаасанд нь үлдээж чадсан хүмүүс гэмтэн болж, төрийн мөнгийг хувьдаа завшаад идчихсэн гэж гүтгүүлэх нь зүйд нийцэх үү.
–Нүүрс хөтөлбөрийн санхүүжилтыг анхнаас нь яаж шийдсэн юм бэ. Таныг охиныхоо компанид Засгийн газраас зээл авч өгсөн гээд байгаа шүү дээ?
-Ард иргэдэд хэрэгтэй хөтөлбөр учир яаралтай ажил болгох шаардлагатай байсан. Хөтөлбөрийн менежментийг хариуцан ажилласан “Эм Жи Эл Эс Би” компанид хөтөлбөрийн явцад Засгийн газраас 800 гаруй сая төгрөгийн зээл олгосон. Гэхдээ зээлээ хугацаанд нь эргүүлэн төлсөн. Тэгэхээр улсыг хохироогоогүй гэсэн үг. Харин миний охины хувьд энэ компанитай ямар ч холбоогүй. Энэ хөтөлбөр богино хугацаанд ЭХЯ, Багануурын уурхай, БХЯ, Төмөр зам, цагдаа, Нийслэл, Дүүрэг хорооны түвшины олон газруудыг холбож, зохион байгуулалтын ажлыг нь хийх шаардлагатай байсан учир би Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд зохион байгуулж ажилласан.
–АТГ таныг шалгаж байгаа төдийгүй “Л.Гансүхийн Ерөнхий нягтланг нь хорьсон” гэсэн мэдээлэл гарсан. Нягтланг тань хорьчихсон юм уу?
-Нэгдүгээрт, Гансүхэд Ерөнхий нягтлан байхгүй. Гансүхийг компанитай болгох, эсвэл охиныг нь компанитай болгох гэж хичээх хэрэггүй. Хоёрдугаарт, АТГ-ынхан надад ямар ч зарлан өгөөгүй. Намайг оргож зугатаагүйг, Улсын бүртгэлийн газраас “Эм Жи Эл Эс Би” ХХК-д манай охин хувь эзэмшдэггүй гэдгийг, Сангийн яамнаас авсан 800 гаруй сая төгрөгийг авсан компани нь аль эрт төлсөн, Гансүхэд хамаагүй гэдгийг мэдсээр байж хэвлэлээр санаатай цуурхал тараасанд нь гайхаад байна. Удахгүй үнэн мөн нь олдоно биз дээ. Хамгийн гол нь намайг гүтгэж болно, үр хүүхдээр минь битгий оролдоорой гэж хэлмээр байна.
Ж.ЭРХЭС