Улс төрчид гэж өчигдөр нь “би чи дээ тулж, ална тална” хэмээж байснаа өнөөдөр нь мөр мөрөн дээрээ алгадаж хошуугаа холбож гүйлдэхийг бид олонтаа харсан. Тэгвэл өмнөхөн нь Ц.Нямдоржийн “оймсон завсар хавчуулагдаад орж ирсэн” хэмээн шоочилж байсан О.Баасанхүү гишүүнтэй энэ удаад санаа нэгдэн Х.Тэмүүжингийн оруулж ирсэн Гэмт хэргийн тухай хуулийг буцаах гэж үзэв.
Х.Тэмүүжингийн Гэмт хэргийн тухай хуулийнхаа ач холбогдлыг тайлбарлаж “хариуцлага гэдэг хүнээс нь шалтгаалаад өөр өөр цонхтой байх ёстой юм уу. Хууль тогтоогч нэг гартаа 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах хариуцлага барьчихсан. Нөгөө гартаа 3 жил хорих хариуцлага барьчихсан ийм байгаа нь жишээ биш үзэгдэл болчихоод байна” гэх зэрэг яриа нь Ц.Нямдоржийг бухимдуулж “хуулийн байгууллагынхныг үндэслэлгүй, тодорхойгүй жишээгээр буруутгадгаа болих хэрэгтэй. Чи тэнэг юм уу. Балай юм ярихаа боль. Хэн гэдэг хуулийн ажилтан нь ялгамжтай хандаад байгаа гэж О.Баасанхүү гишүүний асуултад шууд хариулаач. Наад хүн чинь тодорхой зүйл асуугаад байгаа юм биш үү” хэмээн давшилсан байна. О.Баасанхүүтэй ийн санал нэгтэй байсан тул хоёр талд сууж байсан хоёрыг зэрэгцэн суулгаж, яаж өөрсдийн саналаа яаж томъёолох тухай ярианд хүргэж буй бололтой.
Ийнхүү нэг талаас жишээ баримт шаардаж, нөгөө талаас “асуудлаа ярь” хэмээсэн маргаан хэвлэлийнхний камеруудыг нэг хэсэг өөртөө татлаа. Танхайрах үйлдлийг гэмт хэргээс авч байна хэмээн бухимдсан Ц.Нямдоржийн “тэнэг мангараар нь дуудсан” үгс. Х.Тэмүүжингийн “таны наад яриад байгаа зүйл олон залуусыг шоронд хатаасан шүү. Танхайн хэргээр чинь залуусын 40 хувь нь шоронд явж байна шүү дээ” хариутай байнгын хорооны сунжирсан хуралдааныг нэг хэсэг сэргээх нь тэр.
Б.ШАРХҮҮ