УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаад олонхийн саналаар УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчилж буй, мөн тус тусын хуулиудад байдаг хариуцлагыг нэгтгэсэн Зөрчлийн хууль нь нэлээд хугацаанд хэлэлцүүлгийн шатанд байх төлөвтэй нь өнөөдрийн байнгын хорооны хуралдаан дээрээс харагдаж байв. Гишүүн бүр уг хуулинд саналаа хэлж, ойлголт муутай байгаа нь тодруулж асуух, мөн шүүмжлэлт байр сууринаас хандсан гишүүдийн үгс нэгэн үе ширүүсч “би чи” дээ тулж байж ийнхүү хэлэлцүүлэгт орж ирэх эрхээ авлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАН-ын Ц.Нямдорж тэргүүтэй гишүүдээс хуулийн төслийг буцааж, мэргэжлийнхнийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж байж хэлэлцэх ёстой гэх итгэл үнэмшилтэй болмоор байна гэсэн саналаа хэлж байсан бөгөөд хуралдааны дэгийнхээ дагуу хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд ажлын хэсэг дээрээ нухацтай ярилцая гэх саналтай нь давамгайлав.
Хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төслийнхөө ач холбогдлыг тайлбарлаж “Ижил бүрэлдэхүүнтэй хэрэгт хоёр хариуцлага ногдуулж болдог хуулийн гажуудлыг засч байгаа. Зөрчил нь юу болох гэмт хэрэг нь юу болохыг ийнхүү зааснаар сонголттой байдлаар хариуцлага авах боломжийг нь үгүй болгож байгаа. Зөвхөн хуульд заасны дагуу хүний эрхийг хязгаарлах тухай Үндсэн хуулийн зарчим бий. Гэтэл өнөөдөр журмаар хүний эрхийг зөрчиж байна” гэх зэргээр хуулийн төслөө тайлбарлав.
Хуулийн төсөлд буй “тооцох нэгж”ийн тухай заалт О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарыг хэн хэндээ хууль уншихыг сургасан маргаанд хүргэж, О.Баасанхүүгийн талд Ц.Нямдорж орсноор маргаан улам хурцдав. Хуулийн төсөлд аливаа гэмт үйлдэл хийсэн этгээдэд ногдуулах мөнгөн хариуцлагыг тооцох нэгжээр ногдуулахаар тусгажээ. Жишээ нь, Шүүгчид нөлөөлөхийг оролдсон нь тогтоогдсон бол хувь хүнд 50 тооцох нэгж, аж ахуй нэгжид 500 тооцох нэгжээр торгоно гэж зааж. Өмнө үйлчилж буй хуульд шүүгчид нөлөөлсөн бол ногдуулах хариуцлага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг бөгөөд шинэ хуулийн төслөөр ийн тооцох нэгж буюу төгрөгийн тухайн өдөрт бусад валюттай харьцах ханшаар торгохоор болж буй юм.
Хуулийн төслийг оруулж ирсэн ажлын хэсгийнхний тайлбараар төсөлд хариуцлагыг ногдуулахдаа төгрөгөөр гэж заах уу, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох уу, тооцох нэгжээр торгож байх уу хэмээн судалсны эцэст тооцох нэгж нь илүү хариуцлагын нөлөөтэй хэмээн үзэж. Хэрэв төгрөгөөр тооцож хариуцлага тавьбал хэдэн жилийн дараа л хуульд тавьсан төчнөөн төгрөгийн торгуулийн үр нөлөө нь үнэ цэнэгүй болох ч боломжтой гэнэ.
50 тооцох нэгж нь 900 мянган төгрөг орчим, 500 тооцох нэгж есөн сая төгрөг орчим болж буй бөгөөд ингэж хариуцлага ногдуулна гэснээрээ шүүх хуралдаанд оролцох үедээ уурлаж бухимдсан хохирогч зэргийг нэмж сая саяаар нь торгох боломжийг бий болгож байгаа юм биш үү гэж О.Баасанхүү шүүмжлэв. Гэвч ажлын хэсгийнхэн тайлбар хийж, өмнөх хуульд ч ийм зохицуулалт байсан, хариуцлагын хувьд ч ойролцоо байгаа. Гэхдээ хэмжээ хязгаарыг хэрхэн тогтоох нь УИХ шийдээд явах боломжтой гэв.
Х.Тэмүүжин гишүүдийн асуултад хариулах байдлаар хуулийн төслөө нэмж тайлбарлаж “Өмч хураах гэсэн ял байхгүй. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлийг нь хурааж болно. Бусдын өмчинд халдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Харин бидний хувьд хуулийн байгууллагын чадавхийг дээшлүүлж гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг нь тогтоож чаддаг болох хэрэгтэй. Ингэж чадахгүй байгаагаас хэн нэгэн их хэмжээний хор хохирол учруулж, түүгээрээ олсон орлогоороо цаашид хангалуун амьдрах боломжтой үлдэж байна” гэв.
Дараагаар нь гишүүн З.Баянсэлэнгэ эрх мэдэлтэн ял завшиж, гар утас хулгайлаад 10 жилийн ял авдаг гажиг өөрчлөгдөж байгаа, аргагүй хамгаалалтын асуудлыг оновчтой зохицуулж оруулж ирсэн гэдгийг онцлоод гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудлыг хэрхэн томъёолж буйг лавлав.
Гэтэл О.Баасанхүү горимын саналаар санал хураах ёстой, хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө ажлын хэсэг байгуулж, төслийг татах нь зүйтэй гэдгээ хэлж Ц.Нямдорж ч үүнийг нь дэмжив. Ц.Нямдорж “энэ хуулийг түүхий боловсруулж. Хэрэг ч уншиж үзээгүй хүмүүс бичиж. Хуулийн этгээдийг эрүүгийн хэргийн субьект болгоно гэж ямар юм байсан юм бэ. Үүнийг Хуулийн сургуулийн хэдэн багш нар л ярьдаг байсан. Тэр яриагаа бичээд оруулаад ирж. Мэргэжлийнхний саналыг сонссоны дараа хэлэлцэхийг нь шийдье” гэсэн байна.
Хариуд нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Энэ хуулийг ганц хүн боловсруулчихдаг юм биш. Ажлын хэсгээс нийт гурван удаа, 500 гаруй хуулийн мэргэжлийн байгууллагаас санал авсан. Эхний удаад таны одоо шүүмжилж байгаа шиг ерөнхий шүүмж хэлсэн санал зонхилж байсан. Дараа дараагийн удаагийн саналууд нь маш ажил хэрэгч, яг юу нь болохгүй байгаа, хуулийг хэрэгжүүлж ажилладаг ажилтан албан хаагчдад ямар бэрхшээл буй талаар тодорхой саналууд ирсэн. Мэргэжлийн судлаачид, эрдэмтдээс, сургуулиудаас ч дэлгэрэнгүй саналууд ирж, түүнийг нь тусгасан” гэв.
Гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төслийг батлагдсантай холбоотойгоор гарах зардлыг лавлаж “зөвхөн эрүүгийн хууль гэдгийг зөрчлийн хууль болгосноор 200-300 хуульд өөрчлөлт орох нь. Энэ бүгдийг өөрчилсөнтэй холбоотой хэчнээн бичиг цаасны зардал гарах вэ” гэсэн бөгөөд “энэ шинэтгэл нь гаргах зардлаас хавьгүй ач холбогдолтой. Хуулийг өөрчилснөөс үүдэн төсөвт ногдох тодорхой зардал гээд байх зүйлгүй” гэсэн хариулт авсан байна.
О.Баасанхүү, Ц.Нямдорж нар төслийг буцаах талаас нь тайлбарууд хийсэн нь гишүүн Лу.Болдыг горимын санал гаргахад хүргэж ямартаа ч хэлэлцэхийг нь эхлээд шийдчихье гэсэн санал хураалт явуулав. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүний саналыг дэмжив.
Ийнхүү асуулт хариулт, саналууд үргэлжилсээр уг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх тухай санал хураалт явуулсан бөгөөд олонх дэмжсэнээр уг хуулийн төслүүд УИХ-ын босгыг алхан орж ирлээ.
Хууль зүйн байнгын хорооны даргын хэлснээр ажлын хэсэг байгуулагдаж, анхны, хоёр дахь, гурав дахь хэлэлцүүлэг гээд энэ хуулийг хэлэлцэхэд УИХ хэдэн сарын ажлаа зарцуулах нь ойлгомжтой боллоо.
Б.МАНДАХ