30 гаруй жилийн өмнө ашиглалтад орж байсан Төв аймгийн авто замын нөхцөл байдлыг аймгийн удирдлагууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыхнаар шалгуулахыг хүсчээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт МХЕГ очиж ажилласан бөгөөд шалгалтын нэгдсэн дүн энэ долоо хоногт гарч, холбогдох газарт санал хүргүүлэх талаар албаныхан мэдээллээ.
Улаанбаатар-Төв аймаг чиглэлийн авто замыг 1983 онд ашиглалтад оруулсан бөгөөд хатуу хучилттай зам ашиглах хугацаа 13 жил юм байна. Гэтэл 31 жил ашигласан тул зам ихээр эвдэрч, осол гарах нөхцөл, шалтгаан болдог гэнэ. Энэ чиглэлийн замд жил бүр 100-150 сая төгрөг зарцуулан засдаг ч хүнд даацын машин явах нь ихэсч, өдрөөс өдөрт зам муудаж эвдэрч байгаа ажээ. Нутгийн иргэд болон удирдлагууд энэ замыг засуулах хүсэлтэй байдаг бөгөөд шинээр зам тавихад 14 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тиймээс Төв аймгийн Тээвэр, авто замын газар замын бодит нөхцөл байдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар ийнхүү шалгуулж, тодорхой арга арга хэмжээ авахуулахыг зорьж байгаа ажээ.
Б.МИШЭЭЛ