Ц.Оюунгэрэл: Бурхан хулгайлсан хүмүүс бүлэглэсэн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Бурхан хулгайлсан хүмүүс бүлэглэсэн байж болзошгүй

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж байсан долоон ширхэг бурхан 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайд алдагдсан талаар өмнө мэдээлсэн билээ. Эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд болох Майдар  бурхан дөрөв, Дүйнхор бурхан нэг, Жигдэр намжил бурхан нэг, Манзушир бурхан нэг ширхэг хулгайлагдсан тул улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй. Мөн алдагдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чанд хадгалж, өндөр үнээр худалдаж авахаа Цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.  

ртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд алдагдсан. Яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ сарын 18-19-нд шилжих шөнө "Эрдэнэ зуу" хийдийн музейгээс нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд хулгайлагдсан талаарх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага бидний хүсэлтийг хүлээж аваад яаралтай мэдээллийг гаргаж, олон нийтэд сэрэмжлүүлэг гаргасан байна. Олон нийтэд хандаж хэлэхэд ойрын өдрүүдэд хэн нэгнээс бурхан худалдаж авахгүй байхыг хүсье. Хэрвээ  ямар нэгэн бурхан зарж байгаа, тэр нь хосгүй үнэт байж болзошгүй, ганган хийцтэй, хил гаргахыг завдаж байгаа болон нууцаар хадгалж байгаа сэжиг бүхий үйлдэл хаа нэгтээ харагдах юм бол ССАЖЯ болон Цагдаагийн байгууллагад яаралтай  мэдээлэхийг иргэддээ уриалж байна.

-Ховор олдворуудыг хадгалах, хамгаалалт нь ямар байсан юм бэ?

-Хосгүй үнэт олдворуудыг хадгалж байдаг учраас "Эрдэнэ зуу" хийдийн музейг улсын мэдэлд шилжүүлэх тухай 2008 онд тухайн үеийн Засгийн газарт тавьж байсан юм билээ. Тухайн үеийн Засгийн газар төрийн өмч болгож авахаас татгалзан орон нутагт нь үлдээж байсан гэдэг. Харин бид "Эрдэнэ зуу" хийдийн музейг улсын өмч болгож авах, Засгийн газрын мэдэлд шилжүүлэх, түүний удирдлагыг ССАЖЯ буюу мэргэжлийн яамны дэргэд байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүний  тулд Засгийн газраар энэ онд хийгдсэн музейн тооллогын дүнг оруулах ёстой. "Эрдэнэ зуу" хийдийн хувьд музейн тооллого хийгдээд дууссан байсан. Иймээс тооллогонд орсон бүх үзмэрийг зургаан талаас нь нарийвчлан зургийг нь авч мэдээллийн санд оруулсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ алдагдсан үзмэрүүдийг хулгайлсан хүн дэлхийн хаана ч худалдаж байсан бид эргүүлэн олоод авч чадах хэмжээний мэдээллийг бий болгосон гэсэн үг. "Эрдэнэ зуу" хийдийн музейн дохиоллын систем маш сайн байсан. "Эрдэнэ зуу" хийдийн  музейд шөнө оройн цагаар хэн нэгэн ороод хулгай хийх гэвэл маш чанга дуу гарах байсан. Тиймээс дохиоллын системийг унтрааж мэддэг зохион байгуулалттай бүлэг хулгайч авсан байж болзошгүй гэж бид урьдчилсан байдлаар сэжиглэж байгаа. Зохион байгуулалттай гэдэг нь алдагдсан бурханы жин, овор хэмжээ зэргээс харахад нэг хүн дангаараа хийх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Хэрвээ тохиолдлын хүн ороод энэ үйлдлийг хийх гэж оролдсон бол дохиоллын систем  ажиллах байсан. Тиймээс том хэмжээний зохион байгуулалттай эрэл хайгуулыг  хийж, олон нийтийнхээ сонор сэрэмжийн хүчээр энэ  гэмт хэрэгтнүүдийг яаралтай илрүүлж чадна гэж итгэж байна.

-Бурханыг  улсад бүртгэгдсэн учраас хилээр гаргах боломжгүй гэсэн үг үү?

-Хил хамгаалалтын байгууллагынханд анхааруулга өгсөн байгаа. Бидний зүгээс ч мөн адил хилийн байгууллагад мэдээлсэн. Тиймээс хилээр ямарваа нэгэн сэжиг бүхий үйл ажиллагаа, үйлдэл илрэх юм бол тэр даруйд бидэнд мэдээлэл өгөөч ээ гэсэн сэрэмжлүүлгийг дамжуулсан байгаа. Энэ асуудал дээр манай цагдаагийнхан ч хүч тавин ажиллаж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж