Говь-Алтайн зохиолчид уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн зохиолчид уулзлаа

Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд зориулж тус аймгаас төрөн гарсан зохиолчдын уулзалт өнөөдөр Төв номын санд боллоо. Уулзалтад  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч Л.Түдэв,  Төрийн шагналт Д.Норов, Соёлын гавьяат зүтгэлтэн  С.Пүрэв, Р.Чулуун, Д.Пүрэвдаш,Б.Дашзэвэг, Ч.Сонгино нараас гадна  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нутгийн зөвлөлийн дарга  Т.Билэгт нар гээд  нийт 90 орчим төлөөлөгч оролцлоо.
Уулзалтын үеэр Алтай нутгийн зохиолчдын шилдэг бүтээл орсон “Өнгө төгөлдөр Алтай” номын нээлт болсон юм. Түүнчлэн тус аймгийн удирдлагууд Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайд хүндэтгэл илэрхийлж, аймгийнхаа хүндэт шагналаар шагнав. Мөн Л.Түдэв гуай өөрийн номын дээжээ аймгийнхаа удирдлагуудад оюуны өглөг болгон өргөж, сэтгэлийн үгээ илэрхийлсэн.  Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зохиолч сэтгүүлчдийн дунд Алтай нутгийн талаар нийтлэл, тэмдэглэл дурсамжийн уралдаан зарлаж байгаагаа дуулгав. Шагналын сан нэлээд өндөр бөгөөд нийт таван байраар шалгаруулах гэнэ. Тэргүүн байрыг сая төгрөг өргөмжлөлөөр мялаах аж.  Мөн уралдаанд ирсэн шилдэг 70 бүтээлийг эмхтгэн ном болгох юм байна. Ийнхүү Алтай нутгийн зохиолчид уулзаж, нутгийнхаа талаар сонин сайхан дурсамж хөврүүлж, ирээдүйн хөгжлийнх нь талаар халуун дотно яриа өрнүүллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж