&#34Эрчим&#34-ийн волейболчид шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

&#34Эрчим&#34-ийн волейболчид шигшээд шалгарлаа

"Эрчим", "Аврагч" багийн шийдвэрлэх гурав дахь тоглолт өчигдөр болж, 3:0-ийн харьцаагаар "Эрчим" баг ялалт байгуулснаар шигшээд шалгарлаа.

Монголын волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн" өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд Спортын төв ордонд эхэлсэн. Эрэгтэй зургаа, эмэгтэй таван баг өрсөлдсөнөөс дөрвөн баг цааш өрсөлдөх эрхийг авсан бөгөөд шигшээ тоглолтууд маргааш 12.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн аваргын төлөө "Хасу Мегастарс", "Эрчим" багууд шалгарсан бол "Алтайн барс", "Аврагч" багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Энагурэ", "Эрчим", хүрэл медалийн төлөө " Сүхбаатар-Цайрт Минерал", "Монти" багууд өрсөлдөх юм.

Өчигдөр болсон тоглолтын үеэр "Эрчим" багийн тоглогч, спортын мастер Т.Отгонтөгстэй цөөн хором ярилцлаа.

Шийдвэрлэх тоглолтод "Эрчим" баг илт илүүрхэж ялалт байгууллаа.

-Манай багийн хувьд энэ тоглолтод тактикийн тоглолтыг хийлээ. Хоёр багийн хожлын харьцаа 1:1 болж, тэнцээд байсан болохоор хожсон баг аваргын төлөө тоглох эрхийг авах байсан. Манай багийн тухайд хамгаалтыг маш сайн хийж чадсанаар 3:0-ийн харьцаагаар "Аврагч" багийг буулган авч, шигшээд шалгарлаа.

– Шигшээд тоглох "Хас Мегастарс" багийн тухайд?

– "Хасу Мегастарс" баг хагас шигшээд өнгөрсөн жилийн намрын тэмцээний аварга "Алтайн барс"-ыг 2:0-ийн харьцаагаар хожиж, шигшээд шалгарсан. Өнгөрсөн жилийн намрын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан "Хасу Мегастарс" баг бэлтгэл сайтай байна. Мөн тус багийн тухайд Чех улсаас ирсэн хоёр лигонер тоглогчтой. Хэсгийн тоглолтод манай баг тус багт хоёр ялагдсан.

– "Эрчим" багийн тухайд өнгөрсөн жил хэрхэн амжилт үзүүлсэн бэ? Таны хувьд тус багт хэдэн жил тоглож байна вэ?

-Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жилээс эхлэн хавар, намрын гэсэн нээлттэй хэлбэрээр явагдаж байна. Амжилт гаргасан шилдэг багууд Монгол Улсаа төлөөлж Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авдаг. Өнгөрсөн жилийн хаврын алт, намрын мөнгөн медальт "Алтайн барс" баг энэ жил Филиппинд болсон Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэгэхээр энэхүү тэмцээн бол маш өрсөлдөөнтэй бас клубүүдийн амжилтыг харуулсан томоохон сорилт болж байна. "Эрчим" багийн тухайд өнгөрсөн жилийн хаврын тэмцээнд хүрэл, намрын тэмцээнд алтан медаль хүртсэн. Бид энэ жилийн хаврын тэмцээнд мөнгөн медалийн болзол хангаад алтын төлөө тоглохоор шалгараад байна. Миний хувьд тус багт хамгаалагчийн үүргээр тоглож байгаа. Дээд лигт 13 жил тоглож байгаагаас "Эрчим" багт долоо дахь жилдээ тоглож байна.

-"Эрчим" баг "Хаврын нээлттэй тэмцээн"-ий өмнө ОХУ-ын Тувад болсон олон хотын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн шүү дээ.

-Тиймээ. ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо волейболын эрэгтэйчүүдийн олон хотын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 17-22-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээнд Монгол Улсаас "Эрчим" клубийн баг оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэмцээний аваргаар Ангарс хотын баг шалгарсан бол Кыргызстаны баг хүрэл медаль хүртсэн. Казахстан, Тува, Москва, Эрхүү, Омск, Улаан-Үд, Красноярскийн хотын болон Монгол Улсаас "Эрчим" клуб зэрэг 12 баг оролцсон.

Дашрамд дуулгахад, "Хаврын нээлттэй тэмцээн" маргааш 12.00 цагаас Спортын төв ордонд эмэгтэйчүүдийн хүрэл медалийн тоглолтоор эхэлнэ.

Шигшээ тоглолтын хуваарийг танилцуулья:

Тавдугаар сарын 21 (Лхагва гариг)

Эмэгтэй:

12:00 цаг хүрэл медалийн төлөө: "Монти" vs "Цайрт Минерал"

14.00 цаг алтан медалийн төлөө: "Эрчим" – "Энагура"

Эрэгтэй:

16.00 цаг хүрэл медалийн төлөө: "Алтайн барс" – "Аврагч"

18.00 цагаас алтан медалийн төлөө: "Хасу Мегастарс" – "Эрчим" багуудийн эхний тоглолтууд болно. Шигшээ тоглолтод түрүүлж хоёр хожсон баг алт болон хүрэл медалийн болзол хангах юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж