Монгол шиг дархлаагүй, дэлхийн болох болохгүй бүхнийг бохир усны хоолой шиг эх орон руугаа цутгаж, түүнийг нь магтаан сайшаах маягтай, бүр булаацалддаг үндэстэн бий болов уу гэх бодлыг дахин дахин төрүүлэх болжээ. Монгол цэргийн сүр хүчийг харуулсан “Монгол цэргийн жавхаа” өдөрлөгийн үеэр “Гангнамстайл” бүжгийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн малгайгаа газар хаян байж бүжиглэсэн. Өвгөд ийм гутамшигийг үзэхгүй гэсэн шиг харцаа бууруулж байгаа харагдсан ч залуус харин ч эсэргээрээ дэмжиж нижигнүүлэн алга таших авай. Тайлбар нь, бүхнийг тоть мэт дуурайх болсон манайханд АНУ-ын цэргүүд, Обама хүртэл бүжиглэж байхад дагаад бүжиглэснээр харин ч тэднээс дутахгүй гэдгээ харуулж байна мэтээр гарсан. Хэрэв түүнийг нь шүүмжилбэл хоцрогдсон, мангуугаараа дуудуулах тул нүцгэн хаан шиг аялдан дагасан болоод өнгөрөх жишээний.
Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн амралтын өдрөөр Эрдэнэтийн Хятад сургуулийн монгол хүүхдүүд,
-Хятад яг луу шиг хятад хүмүүс баатар шиг
Хятадын асар уудам нутагт мэргэжлийн кунфу байдаг… гэсэн үгтэй “Дорнын луу” дууны аянд дэвүүр барьчихсан ушу хийгээд зогсч байх жишээтэй. Дэмжигчид ч өмнөхтэй адил олон байгаа нь бичлэгээс харагдана.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү
Ер нь Монголд олон ургальч үзэл гэхээсээ илүүтэй даган дуурайх, хуулбарлан хувилах хачин сэтгэлгээ бат шингэж байх шиг. Одоогийн залуус “хятадуудыг бууд” гэж дуулдаг бол хөгшид тэдэнтэй “цус холилдох вий” гэхээс ухаан алдатлаа айна. Гэхдээ тусгаар байхын тулд мэдэх ёстой түүх, соёл, зан заншлаа хэнд ч хэрэггүй хог мэтээр голно. Тийм байж монголчууд нь ажилгүй байхад хятадуудыг барилга, уул уурхайн салбарт ажиллуулж байна гэж дипломтонгууд гомдол мэдүүлдэг ч үнэндээ барилгын туслахын ажил хийж чадахгүй. Чадсан ч тэрийг хийвэл баклаврын диплом өмссөн сэхээтэн доошоо орчихно гэсэн богино бодол нь гэдсээ илээд гэр бүлээ шимж амьдрахыг илүүд үзнэ.
Энэ сэтгэлзүйд нь дөрөөлсөн улстөрчид нэгнийгээ хятадын эрлийз, хятад угсаатан гэх зэргээр сонгуульд өвдөг шороотуулах хар материалыг хэвлэлд нийтлүүлэхийн тулд мөнгө харамлалгүй цацаж, нийтлүүлэх нь нийтлэг жишиг. Дээр, дооргүй туулиас тэдэнд дургүй мэт ингэж аягладаг хэрнээ залхуу монголчууд тэдний тарьсан ногоог идэж, барьсан хауст нь тухалж, оёсон хувцсаар нь өвөл дулаалж, зун гангарч байна. Монголын аль ч дэлгүүрийн лангууг тэдний бараа, бүтээгдэхүүн дүүргэж, томоохон бүтээн байгуулалт нь тэднийг гараар л сүндэрлэж байх жишээтэй.
Өмнө 70 жилийн хугацаанд хойд хөршөөрөө бүхий л талаар хараат байж, барилгаа бариулж, замаа засуулсан бид 20-хон жилийн дотор Хятадаас хараат болж буйн тод жишээ нь энэ. Монголд мянгаар тоологдох малтай БНХАУ-ын иргэн бишгүй олон болсон талаар ярьдаг болсноос биш малчдын тоог нэмж малчин болсон тухай нэг ч түүх сонсогдоогүй, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүүгээ хөдөө явуулсан арваад жилийн өмнөх түүхийг эс тооцвол шүү дээ. Монголоо мэдэж гэмээнэ дэлхийг таних тийм гүн ухаанаар хандах хүн өнөөдөр үгүйлэгдэж байна уу гэлтэй. Үүнийг төр засгаас бодлогоор дэмжихийн оронд Боловсролын сайд нь тушаал гаргаад их, дээд сургуульд түүхийн хичээлээ сонгож сургахаар журамлаж байна. Гэтэл бусад улсад бүр багаас нь заавал түүхийн хичээл заахын дээр дээд сургуулийн шалгалт, заавал үзэх ёстой хичээлийн жагсаалтад түүхээ оруулж байх жишээний. Түүхийн туршид гадныханд, тэр дундаа монголчуудад эзлүүлж, оршин тогтнох гэсэндээ гүнжээ Монголд хатан болгохыг эрмэлзэж ирсэн Солонгос гэхэд л түүхэн сэдэвтэй киногоороо монголчуудыг байлдан дагуулж байна. Уран сайхны кинондоо эзлүүлж явсан түүхээ бодитоор нь илэрхийлдэг бол ч яах вэ. Эсэргээр нь гуйвуулж, түүнийг нь түүхээ мэдэхгүй монголчууд шимтэн үзэж байгаад л хамаг учир байх шиг. Ингэж байж гэмээн тухайн улс өөрсдийн оршихуйн дархлааг тунхагладаг юмсанж.
Харин манайд бүх зүйл эсэргээрээ. Гудамж талбай, байр, байшин, байгууллага, хоолны газрынхны хаяг хүртэл гадаадаар. Монгол хэлээ ад үзсэн маягтай. Бидэнд өнөөдөр үнэт зүйлс гэж огтхон ч үгүй болжээ.
Томоохон хэмжээний зам тавилаа. Хятадууд гүйцэтгэжээ. Орон сууц барилаа. Тэдний гараар л бүтэж. Уурхай ашиглалтад ороход, тарьсан ногоогоо худалдах түнштэй боллоо ногоогоо танайд нийлүүлье гэхийн оронд замыг нь таглаад өвгөдийн ариун газар, шороо гэж ирээд л галзуурч байгаад хэдэн төгрөг аваад нүүхийг л урьтал болгоно. Мөнөөх ариун газар шорооны ариун үйлс мөнгө хараад л мохож орхино. Үнэгүй олдсон мөнгөө үрэхийн тулд малаа хаяад өмнөд хөршөөс зөөсөн мотоцикль, элдэв янзын зүйл, найр наадам эргүүлсээр барна. Өвс, тэжээлээ базаагаагүй байж хотоо харлуулсан буруутанг бусдаас эрэх нь бас л бидний зан. Малчин нь хуучны малчин биш өнөөгийн арчаагүй монгол. Ажилгүй ангайж, амьжиргаанаасаа салахыг хүсээгүй нь үзэн ядаад байгаа хятад. Эндээс сүүлийн 90 жил бид биш тэд хийдэг, бүтээдэг, баялаг бий болгодог, бидний бус тэдний газар нутаг болчихсоныг харж болно.
Улсын төсөв нэгхэн хувиар л өсөхөд баяр хөөр болж, баатарлаг гавъяатан мэтээр сурталчилгаагаа явуулдаг үе үеийн эрх баригчид үүнийг анзаарах тэнхээтэй байсангүй. Монгол Улсын төсөв дөнгөж нэг хувиар өсч байхад Хятадын мянга мянган өрх Монголоос амьжиргаагаа залгуулах мөнгөтэй болоод нутаг буцна. Бүтээн байгуулалтын үр шимээр бий болсон ажлын байрыг тэд л эзэлж, тэдний ар гэрийнхэн л идэх будаатайгаа болно. Харин монголчууд эх нутагтаа өлбөрч байна.
Түүнээс илүү нүүрлэж буй заналхийлэл хоёр их гүрний дунд орших монголчууд уусаад үгүй болох аюулын харанга. Их гүрний бүхнийг хамах гэсэн хүчит давалгаанд уусах давс биш яс байгаасай.
Л.НАРАНТӨГС