Монголчууд бидний амьдрал ерөнхийдөө шатахууны үнээс хамааралтай болчихоод байгааг та бид өөрсдийн өдөр тутмын амьдралаасаа сайн мэднэ. Шатахууны үнэ нэмэгдэхэд л бараа таваарыг тээвэрлэх үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханшийг сулруулж байна. Энэ нь эргээд валютаар гадаадаас шатахуун импортолдог компануудад шатахууныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд оруулдаг билээ. Өөрөөр хэлбэл бид нэг иймэрхүү чөтгөрийн эргүүлэгт орчихоод түүнээсээ гарч чадахгүй 20 гаруй жил будилж байна.
Манай улсын үе үеийн засгийн газар монгол төгрөгийн ханшны уналтыг сааруулах зорилгоор олон янзын аргуудыг хэрэглэсээр ирлээ. Монгол Банкны зүгээс мөнгөний зах зээлд гадаад валютыг тохируулга байдлаар үе үе гаргаж байна. Мөн төгрөгийн ханшийг сулруулж байгаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болох улаан буудай, нефтийн бүтээгдэхүүн зэргийн нэгжийн үнийг хүчээр барьж, тухайн борлуулагч компаниудад алдагдлынх нь зөрүүг нөхөн олговор маягаар олгож байна. Түүнчлэн шатахууны үнийг тогтвортой барихын тулд шатахуун импортлогч компаниудыг янз бүрийн татвараас чөлөөллөө. Цаашилбал тэдэнд жилийн бага хүүтэй валютын зээлийг арилжааны компаниудаас олгууллаа, мөн шатахууны жижиглэнгийн үнийг бөөний үнээс нь хямд болгож ч үзлээ. Энэ бүх гал унтраах түр зуурын аргууд нь хэзээ нэгэн цагт эцсийнхээ туйлд хүрч, зах зээлийг зохицуулах чадваргүй болох нь ойлгомжтой юм.
Төгрөг үнэгүйдэж байгаа гол шалтгаануудын нэг нь шатахууны үнийн хүсээгүй өсөлт. Иймд эдийн засаг биднээс шатахууны үнийг ямар нэгэн оновчтой аргаар тогтвортой барихыг шаардаж байдаг. Энэ нь Монгол улс шатахууны хараат байдлаасаа ангижрах тухай асуудал юм. Үүний тулд
- Нефтийн бүтээгдэхүүн импортлох олон эх үүсвэртэй байж бидэнд түүхий тос болон нефтийн бүтээгдэхүүнийг худалдах зах зээлд өрсөлдөөнийг бий болгох,
- Өөрийн тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах,
- Нутаг дэвсгэр дээрээ газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх,
- Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх,
- Уламжлалт бус аргаар газрын тос гаргаж авч болох технологуудыг судалж бололцоотойг нь нэвтрүүлэх
гэх мэт олон асуудлуудыг төрийн бодлогын түвшинд цогцоор нь оновчтой шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ асуудлууд дээр засаг тодорхой хэмжээгээр ажиллаж зарим амжилтуудыг олоод байгааг үгүйсгэх аргагүй юм. Жишээлбэл өдрийн сонины 2014 оны 5-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн “Роснефт шатахууны үнээ дахиад буулгах нь” гарчигтай нийтлэлд манай улс ОХУ, Белорусь, Солонгос, Хятад, Коста Рика, Латви, Литва, Малайз, Польш, Сингапур зэрэг нилээд тооны улсуудаас шатахуунаа импортолж авдаг тухай дурьджээ. Мөн энэ нийтлэлийн зохиогч “шатахуун нийлүүлэлт нь буураад ирэнгүүт үнэ бууруулах тохиролцоон дээр Оросууд нааштай хандаж эхэлсэн” тухай онцолсон байна.
Монгол улсын засгийн газраас 2013 оны 1-р сарын 12-ны өдөр жилд 14,3 сая баррель буюу 2 сая тонн тосыг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Дархан хотод барьж байгуулах тухай 9 дугаартай тогтоолыг гаргажээ. Энэхүү тогтоолд зааснаар шинээр барих үйлдвэрийг дотоодод олборлож байгаа болон гаднаас худалдаж авах тосоор хангах аж. Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотой урган гарч ирсэн 2 асуултанд хариу нэхэгдэж байна.
Эхний асуулт нь яагаад заавал Дархан хотод шинэ үйлдвэрийн байршлыг сонгосон бэ?
Аливаа таваарыг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, хамгийн бага зардлаар зах зээл рүү тээвэрлэж, аль болох ашигтай үнээр зарж борлуулах алтан дүрэм бизнесийн салбарт үйлчилдэг. Гэтэл манай улсын газрын тос агуулах боломжтой савгазрууд нь нутгийн зүүн, өмнөд, баруун өмнөд хэсэгт тархсан байхад үйлдвэр байгуулагдах Дархан хот нь нутгийн хойд хэсэгт эдгээр сав газруудаасаа алслагдсан байна. Өөрөөр хэлбэл одоо олборлож байгаа болон ирээдүйд олборлох газрын тосыг үйлдвэр рүү тээвэрлэхэд зардал өсч, дээрх алтан дүрэм зөрчигдөхболно. Магадгүй засгийн газар түүхий тосны хангамжийн ихэнхийг нь Орос улсаас хангана гэж хойд хилд ойр энэ байрлалыг сонгосон байж болох юм. Гэхдээ хойд хөрш маань бидэнд зардаг шатахууныхаа үнийг шат дараалалтай нэмсээр ирсэн. Яг үүн шигээ бидэнд зарах түүхий тосныхоо үнийг аажмаар, системтэйгээр нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Энэ үед бид түүхий эдийн хомсдолоос болоод энэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүйд хүрнэ. Энэ нь эргээд тухайн үйлдвэрийг барьж байгуулахад зарцуулсан зардал, санхүүгийн зээлийн хүүнд тодорхойгүй хугацааны туршид шатсаар л байна гэсэн үг. Ер нь манай улс дотооддоо түүхий тос олборлоод түүнийгээ Хятад улс руу экспортолж харин Орос улсаас хэрэгцээнийхээ нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг гаж тогтолцоотой. Энэ гаж тогтолцоог болж л өгвөл хурдан хугацаанд засч залруулах зайлшгүй шаардлагатай.
Хоёр дахь асуулт нь яагаад ийм нүсэр үйлдвэрийг байгуулах шаардлагатай болов?
Монгол улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 2016 онд 12,9 сая баррель буюу 1,8 сая тоннд хүрэх хандлагатай байгаа тооцоог салбарын эдийн засагчид гаргасан байна. Энэ тооцоо дээр тулгуурлаж засгийн газар дотоодынхоо хэрэгцээг нэгмөсөн бүрэн хангахуйц нүсэр үйлдвэрийг барьчих бодолтой байгаа аж. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үеийн нүсэр үйлдвэрүүд аливаа хямралын үед хурдан хувьсаж чадалгүй амархан дампуурсныг бид өнгөрсөн түүхээсээ мэддэг болсон.
Эдийн засагчид зугаа цэнгэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг Парисийн Дисней Ланд, Германы Европын Парк гэдэг хоёр байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг харьцуулсан хоёр загварыг хэлэлцдэг. Парисын Дисней Ланд нь банкнаас зээл, улсаас татаас авч үйл ажиллагааныхаа байгууламжуудыг нэг дор, зэрэг ашиглалтанд оруулжээ. Гэвч түүний үйл ажиллагааны орлого нь банкнаас авсан зээлийн хүүнд төлөгдсөөр, одоо ч энэ дарамтнаасаа салж чадаагүй яваа юм байна. Харин Европын парк нь цөөн тооны байгууламж барьж байгуулаад тэндээсээ олсон орлогоороо дараагийн байгууламжуудыг барих ажиллагааг санхүүжүүлэх замаар өргөжин тэлсээр томорчээ. Тэдний одоогийн өдөр тутмын орлого нь тус байгууллагад цэвэр ашиг байдлаар орж ирдэг байна. Уг нь яг л хоёр дахь загвараар жижиг үйлдвэрүүдийг оновчтой байрлалууд дээр байгуулаад ирээдүйд нээгдэх нөөцөн дээрээ тулгуурлан үйлдвэрүүдээ аажим аажмаар өргөтгөөд явбал хамгийн оновчтой шийдэл мэт санагдах юм.
Бидэнд өөрийн улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Нэг баррель тосыг эрж хайх, олох, олборлох, тээвэрлэх, боловсруулах зардал нь тухайн цаг үед, тухайн улс орны онцлог байдлаас шалтгаалаад эдийн засгийн ашиггүй байж болох тохиолдол тулгарч болно. Гэвч нефтийн бүтээгдэхүүн нь мөнгөний ханшийг тогтвортой барьж байхад нөлөөлдөг учир энэ нь бодит бус ч эргээд эдийн засагт асар их ашиг орлого авчирдаг. Энэ утгаараа газрын тос нь стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал юм. Иймд төрөөс энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай байна.
Гэвч газрын тосны хайгуул нь эрсдэл өндөртэй. Хайгуулын ганцхан цооногийг өрөмдөхөд л хэдэн сая ам доллар шаардагддаг бөгөөд тэр нь тосгүй хоосон байх магадлалтай. Ялангуяа манай улсын маш бага судлагдсан сав газруудад энэ эрсдэл нь асар өндөр. Иймд манай ядуу төрийн хувьд энэ үйл ажиллагаанд шууд хөрөнгө оруулах байдлаар оролцох нь эрсдэлтэй юм. Харин санхүүгийн эрсдэлийг эрсдэл үүрэх чадвартай компаниудад үүрүүлж, тухайн компанийн олборлох тосноос нь зохих татвар, оногдох хувиа авч болно. Хэрэв тухайн компани нь тос олж чадахгүй бол тэрээр зардлаараа шатаад үлдэх юм. Энэ эрсдлийг засгийн газар үүрэлцэхгүй гэсэн үг. Манай улс олонхи улс орны баримталдаг энэ зарчмаар л явж ирлээ. Гэвч төрийн бодлогын зарим нэг алдаа, цоорхойноос болж зарим сөрөг үзэгдлүүд ажиглагдаж байна. Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа төдийлөн сэтгэлд хүрэхүйцээр идэвхжихгүй байгаа нь энэхүү сөрөг үзэгдлүүдийн нэг жишээ юм.Хэдийгээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуулын олон тооны талбайг ялгаж, тэр бүр дээр нь олон ч компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан боловч эдгээрээс цөөн тооны компаниуд л хайгуулын ажлыг идэвхтэй явуулж байгаа нь ажиглагддаг. Харин дийлэнх нь тэдний үйл ажиллагааны үр дүнг хүлээзнэсэн байдалтай байна. Энэ нь магадгүй хайгуулын ажлыг идэвхтэй явуулж байгаа компаниуд тос олох юм бол идэвхгүй хэсэг нь өөрсдийн эзэмшиж байгаа талбайгаа цааш нь худалдах зорилготой байгаа болов уу гэсэн хар төрүүлж байгаа юм.Төрийн бодлогын цоорхойгоос үүдэлтэй энэ том тээг нь газрын тосны хайгуулын салбар Монголд цааш хурдацтай хөгжихөд нь чөдөр тушаа болчихоод байгаа юм шиг санагдаж байна. Иймд төрийн бодлого тусгагдсан баримт бичгүүдийн хаана нь ямар цоорхой байгааг оношилж, даруй эмчлэх шаардлагатай байгаа юм.
Мөн олон тооны талбайнууд хятад эзэдтэй компаниудын халаасанд орсон байна. Энэ салбарт дан ганц улсын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах нь манай улсын ирээдүйд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Газрын тосны салбар бол улс орны тусгаар тогтнолтой холбоотой эмзэг салбар юм. Оросоос Европын зах зээлд гаргадаг шатдаг хийн хоолойн крантан дээр суудаг Украйн улсын өнөөгийн нөхцөл байдлыг муутгасан хүчин зүйлүүдийн нэг нь магадгүй энэхүү шатдаг хийн хоолойтой холбоотой байж болно. Тунис, Лив зэрэг улсуудын улс төр, эдийн засгийн тогтолцоог НАТО-гийн улс орнууд сүйтгэхдээ тэдний газрын тосны нөөцийг хувааж хүртэх, ингэснээр европын эдийн засгийн хямралыг сааруулах зорилготой байсан болов уу гэж харагддаг. Иймд манай улсын хувьд гуравдагч улсуудын ашиг сонирхлыг энэ салбарт түлхүү оруулж ирэх нь зөв юм.
Тэгвэл гуравдагч орны хөрөнгө оруулалтыг яаж татах бэ? Гадны хөрөнгө оруулагч нар энэхүү эрсдэлтэй салбарт мөнгөө оруулахдаа тухайн эрсдэлүүдийг бууруулах нөхцөл тус бүрийг нарийвчлан судалж үздэг. Тэд хөрөнгө оруулах сонирхолтой тухайн сав газар нь геологийн хувьд газрын тосны орд газрыг агуулах боломжтой юу гэдгийг хамгийн эхэнд судалдаг. Дараа нь хэрвээ тос олчихлоо гэж үзвэл түүнийг зарж борлуулах зах зээл нь хаана байна, олборлосон тосыг зах зээл рүү тээвэрлэх дэд бүтэц бий юу гэдгийг тооцоолно. Цаашилбал өөрт оногдох ашиг хир зэрэг байх, мөн энэ салбарт оруулах мөнгө нь хулгайлагдахгүй, луйвардуулахгүй байх баталгааг тухайн улс өөрийнхөө бодлого, хууль эрхзүйн бичиг баримтуудаар гаргаж өгөх эсэхийг харгалзаж үздэг. Тэгвэл Монгол орны зүүн, өмнөд, баруун өмнөд хэсэгт орших савгазрууд нь тос агуулах боломжтой, зарим хотгоруудын хувьд энэ нь батлагдчихсан. Зах зээлийн хувьд гэвэл манай улс нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг болох Хятад улстай хил залган оршиж байна.Манай засгийн газар ч маш удаан хэлэлцсэний эцэст түүхий тос нэрэх үйлдвэрийг барьж байгуулах ажилдаа орж байх шиг байна. Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбож байгаа нь газрын тосыг тээвэрлэх дэд бүтцийн эхлэл юм. Харин хөрөнгө оруулалтанд тээг болж байгаа гол нөхцөл бол манай өнөөгийн улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, бидний гэрээ байгуулчихаад түүнийгээ тун удалгүй эргэж хардаг зан, улс төрчдийн өрсөлдөгчөө ялахын тулд ард иргэдийг турхирдаг арга барил зэргээс болоод өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр хүлээлтүүд үүсчихээд байна. Энэ бүхнийг эс тооцвол зарим иргэний дайнтай, нутаг дэвсгэрээ минэжүүлсэн, террорист халдлага, хүн барьцаалах, хулгайлах үйлдлүүд газар авсан улс орнуудтай харьцуулбал манай улсад гуравдагч улсын хөрөнгө оруулалтууд энэ салбарт орж ирэх таатай нөхцлүүд бүрдсэн байгаа юм.
Харамсалтай нь УИХ-ын 2014 оны 5-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд гишүүдийн 50 хувийн саналаар баталсангүй. Нэг их хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөсөнгүй мөртлөө хуулийн төслийг буцаачихав. Хуулийг хэлэлцэх үед гишүүдийн ирц, идэвхи хангалтгүй байсан талаар news.mn сайт тэр өдрийнхөө мэдээнд дурьдсан байна. Оройн мэдээгээр харж байхад энэ хуулийн хэлэлцүүлэгт ач холбогдол өгч байгаа ямар нэгэн шинж тэмдэг үнэндээ харагдсангүй. Уг нь энэ хуулийг 2011 оноос хойш ярьсаар өдийг хүргэсэн билээ. Хуулийн төслийг 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх байсан боловч 2014 оны хаврын чуулган руу хойшлуулсан. Хаврын чуулганыг нээгдэхээр хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байсан боловч бүтэн 2 сарын дараа арай гэж хэлэлцсэн юм. Энэ төрийн ажил удаан, даан ч удаан аж. Хэрвээ яст мэлхийтэй уралдуулбал яст мэлхий нь лавтай түрүүлнэ дэгээ.
Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг хүндэрлээ, хямарлаа гэж дээр дооргүй л ярьцгааж байна. Ялангуяа энэ талаар хамгийн их ярьдаг нь их хурлын гишүүд. Гэвч хэрэг дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг цааш нь түлхээд байгаа нь эд нар юм даа.
Монголчууд бидний амьдрал ерөнхийдөө шатахууны үнээс хамааралтай болчихоод байгааг та бид өөрсдийн өдөр тутмын амьдралаасаа сайн мэднэ.
Доктор Д.Буян-Аривжих