Бөх сонирхогчдын итгэл найдвар хүлээлгэдэг улсын харцага Ө.Даваабаатар энэ жилийн эхээр болсон чөлөөт бөхийн сорилго тэмцээний үеэр бэртсэнээсээ хойш дэвжээнд гараагүй удаж байгаа билээ. БНСУ-д хөлөндөө эмчилгээ хийлгээд ирсэн гэх Ө.Даваабаатар харцагыг өнөө жилийн баяр наадамд барилдах болов уу гэсэн хүлээлт бөх сонирхогчдын дунд байгаа ч түүнийг бэлтгэл хийж байгаа талаар ямар ч мэдээлэл сонин, хэвлэлд гараагүй юм. Тэгвэл даян аварга А.Сүхбатын гарын шавь нарын нэг Ө.Даваабаатар харцагын багшийгаа өвчсөн мэт хуулсан уран барилдааныг бид энэ жилийн наадмаар үзэхгүй байх магадлал өндөр байна. Учир нь бөхчүүд наадмын бэлтгэлээ жигдэлж, тус тусын галд гараад байгаа энэ өдрүүдэд харцага Ө.Даваабаатар хүргэн ахынхаа уяа сойлгын ажилд туслан, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хоолтын даваанд зуншиж байна. Даян аварга багшийндаа хүргэн орж, эгчийнх нь охинтой гэр бүл болсон харцага маань энэ зун бөхийн галд биш уяачдын галд гараад байгаа нь хүргэн ах, манлай уяач А.Батсүхийн хамт улсын наадамд хурдан хүлгүүдээ сойж байгаатай холбоотой юм. Өдийд бөхийн галдаа очоогүйг бодоход энэ жил харцага барилдахгүй нь бололтой гэж тэнд зусаж буй олон таамаглах юм билээ.
Б.Энх
Гэрэл зургийг М.Нямсайхан.
Хоолтын даваа. 2010.06.27.
Гэрэл зургийг М.Нямсайхан.
Хоолтын даваа. 2010.06.27.
Холбоотой мэдээ