Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тавдугаар сарын 6-ны өдөр хуралдаж, “Чингис” бондын зарцуулалтын талаарх тайлан мэдээг сонссон билээ. Тэрхүү мэдээллийн дараа “ҮАБЗ-ийн зөвлөмжийн 2.4 дэх заалтыг зөрчсөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох тухай Засгийн газарт зөвлөмж өгчээ” гэсэн мэдээллийг зарим хэвлэл нийтэлсэн. Тэгвэл өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн яамнаас уг мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн залруулга хийлээ.
Тодруулбал, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай зөвлөмжийн 2.4 дүгээр заалтад “Засгийн газрын хүлээх эрсдлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 1/3-ээс хэтрэхгүй байх” хэмээн заасан байсан. Монгол Улсын Хөгжлийн банк энэ зөвлөмжийг чанд сахин ажиллаж ирсэн бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк нь Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2.4 дэх зөвлөмжийг зөрчөөгүй” гэдгийг онцлон мэдэгджээ.
Д.ЦЭЭПИЛ