Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд хулгай оржээ. Хулгайн хэргийг өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдсэн болохыг албаны хүмүүс мэдээлэв. Өвөрхангай аймгийн цагдаагийнхны мэдээлснээр хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ. Эдгээр бурхадууд нь хосгүй үнэт соёлын өвд багтдаг юм.
XVIII зууны дунд үед хамаарах, олон арван сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг хулгайлсан хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Цагдаагийн байгууллагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж байсан долоон ширхэг бурхан /майдар бурхан 4, дүйнхор бурхан 1, жигдэр намжил бурхан 1, манзушир бурхан 1/, эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд 2014 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайд алдагдсан тул улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Эдгээр хулгайлагдсан түүх соёлын үнэт зүйлийг худалдаж авахгүй байхыг иргэдэд анхааруулж сэрэмжлүүлье.
Алдагдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийг өндөр үнээр худалдаж авна. Мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чанд хадгална.
Мэдээлэл авах утас: 102, 70111133, 266924, 99192248, 93022623. /24 цагаар/
Э.ТЭКҮ