Жуулчдыг хамгаалах сургалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Жуулчдыг хамгаалах сургалт хийлээ

Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт-3” зочид буудлын дөрөвдүгээр давхарт байрлах ресторанд гал гарсан байна. 14.30 цагт Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гал унтраах ангийнхан дуудлагын дагуу очиход гал түймэр газар авч, зочид буудлын гадна байрласан авто машин шатаж байжээ. Гал сөнөөгчид автомашины галыг унтрааж, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулснаар олон хүний амь насыг аварч, газар авсан түймрийг бүрэн унтрааж чадлаа...

Гэхдээ энэ бол жинхэнэ галын дуудлага биш нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Корпорейт-3” зочид буудалтай хамтран зохион байгуулсан гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт байв. Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө, туслалцааг үзүүлэх, авран хамгаалах ажил, анхны тусламжийг бодитоор үзүүлсэн уг сургалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй болон томоохон 33 зочид буудлын захирал, менежер, инженер техникийн 76 ажилтан хамрагдсан байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг олгосонд зочид буудлынхан ам сайтай байлаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж