УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсож, байр сууриа нэгтгэлээ. Үүнд 2014 оны Төсвийн тодотголын төсөл, Өрийн удирдлагын тухай, газрын тухай,гэмт хэргийн тухай хуулийн төслүүд болон бусад асуудлаар хуралдлаа. Мөн сүүлийн үед онц ноцтой гэмт хэргийн тоо өссөн. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 2 эмэгтэйн амийг байж боломгүй зэрлэгээр хөнөөсөн, төрсөн эцэг нь нялх 2 хүүхдээ машиндаа түгжиж шатаасан, нэг цэргийн албан хаагч амь насаа алдсан, гэр бүлээ хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан, урьдчилсан хорих ангид гэм буруутай нь тогтоогдоогүй Монгол Улсын иргэн амь насаа алдлаа.
Ийм байдлаар бид асуудалд хандаж болохгүй. Энэ үүднээс холбогдох байгууллагуудын удирдлагыг бүлгийн хуралдаандаа урьж оролцуулж, үүсээд байгаа ийм нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага алдсан зүйл байна уу гэдгээр мэдээлэл сонслоо гэж Бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрээр хэлэхдээ "гэм буруутай нь тогтоогдоогүй шүүхээс ял аваагүй 1365 иргэн хоригдож байдаг юм байна. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсын 6 иргэн урьдчилан хориход нас барсан байна. Түүнчлэн гэм буруутай нь тогтоогдоогүй 390 хүн 3 сараас дээш, 35 хүн 1 жилээс дээш хугацаатайгаар хоригдож, аав ээж, үр хүүхэд, гэр бүлээсээ тусгаарлагдан, сэтгэл санаа эд материалаараа хохирч гүн дарамтанд байгаа 400 гаруй иргэд байна. Иймээс ардчилсан Монгол Улсад хүний эрх зөрчигдөж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй ял аваагүй хүнийг удаан хугацаагаар хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь буруу юм. Үүнд МАН-ын бүлэг цаашид анхаарч ажиллана гэсэн шийдвэр гарлаа" гэлээ. Хуулиар бол онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хүний амь хөнөөсөн,оргон зугатахаар завдсан бол таслан сэргийлнэ гэсэн заалт бий гэдгийг ч МАН-ын бүлгийн дарга санууллаа. Хорихын уулзалтын өрөөнд амь насаа алдсан ГТХЭГ-ын дарга асан Амарсайханы тухайд суурь өвчтэй байсан, хилсээр гэмт хэрэгт шалгагдаж байсан нь тогтоогдоод байгаа юм билээ гэж С.Бямбацогт дарга сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Улсаа 16 их наяд төгрөгийн өрөнд оруулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй
МАН-ын өнөөдрийн бүлгийн хурлаараа Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд орсон өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх заалтыг дэмжихгүй гэсэн шийдлийг гаргалаа. Учир нь уг хуулиар улсын өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 90 хувь болгож өсгөх саналыг тусгасан юм. МАН-ын бүлэг Засгийн газар хоёр жилийн хугацаанд авсан өр зээлийнхээ тайланг нийт ард иргэдэд танилцуулах ёстой. Тэгээд дараагийн өр зээлийн асуудлыг ярих хэрэгтэй. Өмнөхөө зарцуулж дуусаагүй, тайлагнаагүй байж дараагийн өр зээлээ авах бодлого оруулж ирж байгаа нь буруу гэж үзлээ.
Энэ тухайн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Шинэчлэлийн Засгийн газрын хоёр жилийн хугацаанд авсан нийт өрийн хэмжээг иргэн бүрт хувааж тооцоход нэг иргэнд 5 сая 84 мянган төгрөгийн өр ногдож байна. 2016 он гэхэд Монгол улсын иргэн бүрийн өр 6.4 сая болж нэмэгдэхээр тооцоо гарлаа. Монгол Улсын Засгийн газрын өр 2014 онд 6.1 тэрбум, 2015 онд 2.8 тэрбум, 2016 онд 2.2 тэрбумаар нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл 2016 он гэхэд Засгийн газар нийт16 тэрбум төгрөгийн өр тавих гэж зүтгэж байна. Өр зээлийн хэмжээ ингэж нэмэгдээд байхад ДНБ-ний өсөлт бууралттай гарахаар болчихлоо. Тухайлбал 2014 онд ДНБ 11.2 хувиар, 2015 онд 10.2 хувиар, 2016 онд 7.0 хувь болж буурахаар байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 2014 онд 6.8 хувиар, 2015 онд 7.2 хувиар, 2016 онд 7.3 хувиар л нэмэгдэнэ. Өр зээл авсныхаа хирээр улсын орлого нэмэгдэхгүй байна. Засгийн газар өр аваад байдаг. Ард түмний амьдрал ядуураад байдаг. Цалин, тэтгэвэр нэмэгддэггүй. Уг нь бид тавьсан өрийнхөө хэмжээгээр иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжрах ёстой. Гэтэл тийм биш байгаа учраас өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг хатуу буруутгаж байгаа"-гаа илэрхийлэв.
Мөн тэрээр "байшинг дээврээс нь барьдаггүй. Сууриас нь эхэлж босгодогийн адил суурь хуулиа шийдэж байж салбар хуулийг батлах ёстой" гэж дурдав. Учир нь "Өрийн удирдлагын тухай хууль" нь одоо хэрэгжиж байгаа Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдсөн. Тухайлбал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 оны Монгол Улсын өрийг хэмжээг 40 хувь байхаар хуульчилсан. Гэтэл ОУВС-аас 2014 оны Монгол улсын өрийн хэмжээг ДНБ-ний 62 хувьд хүрсэн гэж дүгнэсэн юм. Засгийн газар хуулиа ингэж зөрчиж байгаагийн зэрэгцээ "Өрийн удирдлагын тухай хууль"-иар улсын өрийг 90 хувьд хүргэх гэж байгааг МАН-ын бүлэг эсэргүүцэв.
Засгийн газар хөрөнгө оруулалтыг оруулж ирж чадахгүй, төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй байж зөвхөн өр зээл авах бодлогыг л оруулж ирэх боллоо. Хэрэв Засгийн газар хөрөнгө оруулалт, төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй бол “чадахгүй” байгаагаа ард түмэндээ хэлэх ёстой гэж дүгнэв.
Мөн МАН ард түмнээ өртэй болгохгүйн төлөө онцгойлон анхаарч ажиллана хэмээн санал нэгдэв.
Ард түмнээр хэлэлцүүлсний дараа "Газрын тухай хууль"-ийг хэлэлцэх ёстой
Засгийн газраас өргөн барьсан "Газрын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг МАН-ын бүлэг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийг хязгаарлаж, газрын харилцааны талаархи эрхийг дээд шатанд төвлөрүүлэхээр төсөлд тусгасныг буруу гэж үзэв. "Газрын үндэсний хороо" гэсэн давхардсан шинэ бүтэц, орон тоог нэмэгдүүлэхийг дэмжихгүй гэж шийдэв. Ингэснээр төрийн эрх мэдлийг дээд шатанд төвлөрүүлж "ухаалаг төр"-өөс ухралт хийсэн алхам гэж дүгнэлээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгаар тусгай хамгаалалттай газар нутгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас салгахаар тусгасныг МАН-ын бүлэг шүүмжлэв. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах ёстойгоо хэрэгжүүлж чадахгүй болно. Мөн эрх баригчид тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал хайх, ухах, ашиглах, барилга байшин барих зорилгоо хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ тусгай хамгаалалттай газар болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрын асуудлыг ИТХ, Засаг дарга, нийт иргэдийн санал хүсэлтийг сонсохгүйгээр газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр заасан нь орон нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж буруутгалаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Газар бол улсын оршин тогтнохын үндэс. Газрын харилцааг зохицуулах хууль нь Үндсэн хуулийн дараа орох чухал хууль гэж МАН-ын бүлэг үзэж байна. Эдийн засгийн хямралтай холбогдуулж газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдах замаар мөнгө олохыг эрмэлзэж байна. Тиймээс газрын талаар төрийн бодлоготой болсны дараа Газрын тухай хуулийг хэлэлцэх ёстой" гэж байр сууриа илэрхийлэв.
Тариалангийн зориулалттай газрыг бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нээхээр шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан нь хөрөнгө мөнгөтэй томоохон аж ахуйн нэгжийг дэмжих, монополь үүсгэх, зах зээлийн өрсөлдөөнийг хаах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг шахах сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үзлээ. Мөн газар тариалангийн салбарт 10-40 жилийн эрхтэйгээр, 20 хүртэл жил сунгах нөхцөлтэйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах асуудлыг тусгаж байгааг судалж салбарын бизнес эрхлэгчид, үндэсний аюулгүй байдлын бодлогуудтай нийцүүлэх ёстой гэж дүгнэв.
Мөн Засгийн газраас оруулсан шинэчилсэн найруулгад өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн газрыг 60 хүртэл жилээр эзэмшүүлэхээр тусгасныг сайтар судалж, үндэсний хэмжээний санал асуулгын хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзлээ.
Уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Газрын үндэсний хорооны мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсоогүй, орон нутгийн иргэд, малчид тариаланчидын санал бодлыг бүрэн тусгалгүй "албан тасалгаанд дарга нар эрх ашигтаа нийцүүлж" холбогдох хуулиудтай уялдуулаагүй. Тиймээс МАН-ын бүлэг уг асуудлаар олон нийтийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, ард иргэд, мэргэжлийн байгууллагын саналыг бүрэн тусгаж, үндэсний зөвшилцөлд хүрсний дараа хэлэлцэх ёстой гэж шийдэв.
Эх сурвалж: http://buleg.com