УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн байна. Бүлэг хамгийн эхэнд Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан "Шударга ёс" эвсэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс мэдээлэл сонссон байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар гэмт хэрэг гэж юуг үзэх юм, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол ялын бодлогыг яаж явуулах талаарх мэдээллүүд илүү тодорхой болох юм байна. “Шинэ хууль батлагдвал 40 гаруй заалт дахь зүйлчлэл гэмт хэрэгт тооцогдохгүй болно. Тэгэхээр үүнийг дагаад одоо ял эдэлж байгаа олон хүн шууд суллагдах боломжтой” гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Харин шинэ хуулиуд батлагдсанаар гэмт хэргийн 28 заалт шинээр нэмэгдэж орж ирэх юм байна.
Зөрчлийн тухай хууль батлагдвал хүнийг шууд барьж, хорьдог байдал арилахыг бүлгийнхэн онцоллоо. Тухайлбал, өөрийн буруутай үйлдлээс болж олон хүнийг хохироосон бол шууд цагдан хорих бус ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж, өөрөөр нь хохирлыг нь төлүүлдэг болох. Хүнд зодуулсан хүмүүс хохирлоо төрөөс гаргуулж аваад дараа нь төр зөрчил гаргасан этгээдээс хохирол барагдуулсан мөнгөө авдаг арга хэлбэр рүү шилжих. Үүнийгээ дагаад торгуулиар хохирлыг барагдуулдаг болох зэрэг мэдээллийг тэд өнөөдрийн хурлаар илүү тодруулан сонсчээ. Ингээд “Шударга ёс” эвслийн бүлэг Х.Тэмүүжин сайдын өгсөн мэдээлэлд үндэслэн, Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн хуулийн төслүүдийг дэмжихээр болсон талаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өрийн удирдлагын тухай хууль юм. Тус бүлгээс өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ гэдгээ мөн илэрхийллээ. Уг хууль нь “Өрийн” гэсэн нэртэй боловч гаднаас хэрэгтэй зээлээ авч, эдийн засгаа эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг дээр тус бүлгийн гишүүд санал нэгджээ. Мөн энэ хуультай холбогдуулан гадны шууд хөрөнгө оруулалт оруулна гэхээсээ илүүтэйгээр гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээл авах байдлаар явбал илүү үр дүнтэй гэсэн байр суурь илэрхийллээ. “Хэрвээ гадны хөрөнгө оруулалтыг босгож, зээл авч чадвал өөрсдөдөө баялаг үлдээх болно” гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга хэлж байв. Үүний дараа эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьж байгаатай холбоотойгоор одоо ял эдэлж байгаа зарим хоригдлуудыг суллах боломжтой гэж байна. Тэгвэл нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг татаж авах асуудал яригдах уу?
-Тэр асуудлыг хууль санаачлагчид нь мэднэ. Гэхдээ би хууль санаачлагч гишүүдийн нэг болох Ц.Оюунбатаар гишүүнтэй ярихад хуулиа татаж авах бодолгүй байгаа гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг нилээд удаан хэлэлцэж таарах байх. Магадгүй ондоо багтаж хэлэлцэгдэх асуудал яригдана. Намрын чуулганаар амжихгүй байх магадлалтай. Тийм учраас гишүүдийн өргөн барьсан Өршөөлийн тухай хууль явдгаараа явна гэж харж байгаа. Ц.Оюунбаатар гишүүн хаврын чуулгандаа багтаж гаргавал их сайн. Ялангуяа урин дулаан цагт гарснаар нийгэмтэйгээ дасан зохицоход нь хэрэгтэй. Хүйтний улиралд гарвал эргээд эрсдэлтэй байдалд орох асуудал амьдрал дээр үүсдэг. Тиймээс хаврын чуулганд багтаж энэ хуулийг батлуулна гэсэн байр сууриа манай бүлэг хэвээр хадгалж байгаа.
-УИХ гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авсан. Энэ асуудлаар бүлэг дээр ярилцсан уу?
-О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах санал оруулахдаа бүлгийн гишүүдтэй ярилцаж хэлэлцсэн асуудал байхгүй. Хувь гишүүний саналаар асуудалд хандсан. Татахдаа ч мөн адил зөвшилцөж хэлэлцээгүй. Өөрийнхөө хүрээнд энэ асуудлыг хийлээ гэж ойлгосон.
-МАХН, АН-тай хийсэн санамж бичгийн талаар МҮАН-аас байр сууриа илэрхийлсэн үү?
-“Шударга ёс” эвсэл хоёр намаас бүрддэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. МАХН, АН-ын тухайд санамж бичиг байгуулсан гэдгийг МҮАН мэдэж байгаа. Хоёр намын удирдлагууд хоёулаа энэ талаар хэлсэн. Тохиролцоог нууц, буруу гэж үзсэн зүйл байхгүй.
-Өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьтай тэнцвэл нөгөө талдаа үндэсний аюулгүй байдлын асуудалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх хүмүүс байна. Эвслийн бүлэг өрийг нэмэгдүүлэх эрсдлийг юу гэж харж байна вэ?
-Өрийн босгыг өндөрсгөх нь Үндэсний аюулгүй байдалд шууд хохиролтойгоор нөлөөлнө гэж үзэхгүй байгаа. Гол санаа нь гадаад санхүүгийн байдал дээр Засгийн газрын зээл авах, мөнгө босгох үйлдэл нь эдийн засгийн өсөлтийг хангах , хүлээгдэж байгаа олон төсөв хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж байгаа талаасаа зөв байх ёстой. Эрсдэлд орохгүй байх үүднээс өрийн менежементийг хариуцдаг байгууллагатай болох ёстой. Энэ байгууллага нь эргээд ажлаа тайлагнадаг байх ёстой.
-Гэмт хэргийн тухай хуульд эдийн засгийн торгуулиуд нь өндөр болсон гэж байна. Энэ талаар тодруулаач?
-Гэмт хэргийн тухай хуулинд тодорхой зүйл заалтууд, түүнд үзүүлэх ял цээрлэл процессын тухай хуулиараа буюу Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиараа шийдэгдэнэ. Харин энэ хуулинд Монгол Улсад ямар хуулийг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямар хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй юм. Иргэдийн гаргасан ямар үйлдлийг зөрчил гэж үзээд ямар үйлдлийг зөрчил гэж үзэхгүй юм бэ. Гэмт хэрэг гэж үзвэл ямар шийтгэл оноох юм, зөрчил гэж үзвэл ямар хариуцлага ноогдуулах вэ гэдгийг тодорхой болгож хуульчилж байгаа. Гэхдээ хүний амь нас бусниулсан буюу онц ноцтой гэмт хэрэгт оноох ялын бодлого бол хэвээр үлдэнэ. Нэг хэлэлцэж байх асуудал нь цаазын ялыг үгүй болгох тухай асуудал байгаа. Одоогоор яг үгүй болгоно гэсэн асуудал яригдаагүй. Энэ хуулийг хэлэлцэх явцад яригдах том сэдвийн нэг байх болов уу гэж харж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ