Хууль бусаар арьс, шир экспортлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Хууль бусаар арьс, шир экспортлохыг завджээ

Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор арьс, ширийг боловсруулсан хэлбэрээр зах зээлд гаргахыг заасан байдаг ажээ. Энэ тогтоолыг зөрчиж, бүрэн боловсруулаагүй, стандартын шаардлага хангаагүй их хэмжээний арьс, ширийг БНХАУ руу экспортлохыг завдсан хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр гарсан байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаныхан нөхцөл байдалтай танилцан ажиллажээ. Энэ талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Арьс, ширний асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Амаржаргалаас тодрууллаа.

-Арьс, шир хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэлээ. Хэн гэдэг эзэн холбогдогч уг хэргийг үйлдэв?

-Малын гаралтай бүтээгдэхүүн, арьс ширийг бүрэн боловсруулж, улсын хилээр гаргах Засгийн газрын тогтоол байсаар байтал  Хойд Окияа гэдэг компани 20 мянган ширхэг арьс, ширийг бүрэн боловсруулалгүй урд хөрш рүү гаргах гэж байсан. Энэ компани арьс, ширээ Белон гэдэг компаниар боловсруулалт хийлгэсэн гэх ч нөхцөл байдал дээр очоод үзэхэд арьс, ширнүүдийг бүрэн боловсруулаагүй, анхан шатны үс авах дамжлагаар л оруулсан байна. Сайн хараад үзэхэд бараг зарим хэсгээрээ үстэй үлдсэн,үнэр орж муудсан байна. Ийм л түүхий эдийг хууль зөрчиж, экспортоор гаргах гэж байхад нь таслан зогсоож, Гашуунсухайтын боомтоос эргүүлэн татлаа. 

-Хилээр гаргахыг завдсан арьс, ширний үнийн дүн хэд байв?

-Арьс, ширийг боловсруулаагүй түүхий эдийн үнээр бодоход 20 мянган ширхэг нь 600-800 сая төгрөг болж байгаа юм.

-Өнгөрсөн сарын сүүлчээр ийм зөрчил гарсан гэлээ. Хил, гаалийн хяналт шалгалт ямархуу байсан болоод одоо ил болж байгаа юм бол?

-Хууль бусаар арьс, шир экспортлох гэж байна гэсэн мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хил гаалийн албаныхнаас аваагүй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн албан хаагч манай яаманд хандаж, шалгалт ирүүлээч гэсэн хүсэлт тавьсаны дагуу бид очиж ажиллалаа. Эндээс манай хилийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт ямар сул байгааг харж болохоор. Тус компани дутуу боловсруулсан 20 мянган ширхэг арьс, ширээ  “Nord benz” маркын таван машинаар тээвэрлэж байсан. Энэ компанийн хувьд хууль зөрчсөн үйлдэл нь анхных биш. Тийм учраас бид арьс, ширийг шинжилж үзээд стандартын бус гэдгийг тогтоож, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж