Монголын нийтийн дуучдын холбооны тэргүүн, дуучин Г.Чинболор тавдугаар сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох “Төгөлдөр гоо” бие даасан тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
-Яагаад бие даасан тоглолт хийхээр болсон бэ. Таныг хүмүүс ихэнхдээ дуучин Б.Энхмэндтэй хослон дуулдаг гэдгээр нь мэднэ?
-Хүмүүс ер нь Г.Чинболор, Б.Энхмэнд хоёрыг тусад нь салгаж ойлгодоггүй. Харин энэ удаагийн бие даасан тоглолтоос маань үзэгчид Г.Чинболор гэдэг хүний дотоод сэтгэлийн аялгууг олж сонсоно гэдэгт итгэлтэй байна. Тоглолтоороо олны танил болсон, сэтгэлд нь хоногшсон олон хит уран бүтээлээ нийтийн дууны үнэнч сонсогчдодоо хүргэнэ.
-Мэдээж тоглолт бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Таны хувьд ямар онцлогтой тоглолтыг энэ удаа тавих гэж байна?
-Өнгөрсөн арван жилийн туршид гарсан дөрвөн цомгийн хит болсон уран бүтээлүүдээ тус тоглолтын үеэр дуулна. Мөн тайз засалтын хувьд их онцлогтой болж байгаа. Тайзаа Led дэлгэцээр засна, Бүх цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга тоглолтод маань оролцоно гээд бүхий л талаар чанартай тоглолт хийхийн тулд бэлтгэж байна. Тоглолтыг Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хөтөлнө.
-Нийтийн дуу сүүлийн үед поп хэв маягийн ритм, аялгуутай болсон юм шиг санагддаг?
-Ер нь дуучин хүн ямар ч жанраар дуулж болно шүү дээ. Нийтийн дуучин гээ л заавал нэг хэв маягаар дуу дуулаад байх албагүй. Би ч бас өөрийгөө эвдэж, цаг үетэйгээ нийлж алхах ёстой гэж боддог. Сонсогчид ямар дууг сонсож байна түүнийг нь дуулж байх ёстой.
Э.ТЭКҮ