Далан жилийн тэртээ Крымын хойгийн оршин суугч татаруудыг хөөн гаргасныг нэхэн дурссан хүмүүс Украины нийслэл Киев хотноо ням гаригт /V.18/ жагсаал хийсэн байна. Түүнчлэн Крымын хойг дахь татар үндэстний 20 мянга орчим хүн Севастополь хотноо Сталины дээрэнгүй үйлдлийг ч мөн энэ өдөр эргэн сануулжээ. Крымын хойгийн удирдлагууд татаруудыг Севастополийн төв талбайд жагсаал хийхийг зөвшөөрөөгүй тул тэд хотын захын сүмийн ойролцоо жагссан аж. Мөн энэ үеэр Оросын хоёр нисдэг тэрэг жагсагчдын дээгүүр нисч өнгөрсөн нь татаруудын бухимдлыг төрүүлсэн талаар “Интерфакс” сайтад мэдээлжээ. Киев болон Севастополь хотноо жагсагчид ОХУ Крымын хойгийг Украинаас булааж авсныг эсэргүүцэж байжээ.
Зөвлөлтийн арми Крымыг Германы дайралтаас чөлөөлсний дараа 1944 оны тавдугаар сард Иосиф Сталин хойгт оршин суугч татар иргэдийг нацистуудтай хамссан хэрэгт буруутган хөөн гаргасан аж. Сталины зарлигаар 250 мянга орчим татар үндэстэн Төв Ази руу ачааны галт тэргээр цөлөгдсөн байна. Үүний улмаас тэдний 40 гаруй хувь нь өвчин, өлсгөлөнгөөр амь үрэгдсэн аж. Гэхдээ цөлөгдсөн татаруудын ихэнх нь 1991 онд ЗХУ задарсны дараа Крымд буцаж ирснээр өдгөө хойгийн оршин суугчдын 12 хувийг бүрдүүлдэг байна. Туркийн татар үндэстэн нь XV-XVIII дугаар зууныг хүртэл Хар тэнгисийн эрэг дэх Крымын хойгийг захирч байсан аж.
Б.АНХТУЯА
Севастополь хотноо татаруудын жагсаалын үеэр
Крымын хойгийн татар үндэстний тэргүүн Рефат Чубаров