Монголбанкны асуудлыг УИХ хэлэлцэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Монголбанкны асуудлыг УИХ хэлэлцэх ёстой гэв

УИХ дахь  бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар болон өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар унасан Газрын тосны тухай хуулийн талаар “Энэ хууль хоёр ч удаа УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдахаар орж ирсэн ч дэмжлэг авч чадсангүй. Тиймээс Газрын тосны хуулийг батлуулахгүй байх бодолтой гишүүд УИХ-д олон байна гэж харж байгаа” хэмээн Х.Болорчулуун гишүүн онцлов. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Валютын нөөц хомсдлоо гэж гишүүн бүр ярьж байгаа ч ам, ажил нь зөрсөн үйлдэл хийж байна. Газрын тосны тухай хуульд газрын тосны төлбөрийг Монголоор дамжуулахаар тусгасан байсан. Хэрэв төлбөрийг Монголоор дамжуулбал валютын нөөц бүрдэх боломж байсан ч гишүүд төслийг унагалаа. Өнөөдөр “Оюутолгой” ордыг ашиглалтад оруулсан ч бид валютын хомсдолд байгаа. Яагаад гэвэл төлбөрөө Монголоор дамжуулдаггүй. Орлогыг Монголоор дамжуулахгүй байя гэсэн гишүүд УИХ-д байдаг нь харамсалтай. Тэр дундаа МАН дотор байгаа нь харамсалтай байна. Газрын баялагийн төлбөрүүд Монголоор дамжвал валютын нөөцтэй болно. Ирэх долоо хоногт 2014 оны Төсвийн тодотголыг 243 обьектуудын хүрээнд хийнэ. 160 гаруй обьектыг 2014 онд дуусгахаар тусгасан. Ингэснээр бүх асуудалд шийдэгдэхгүй. Үүний цаана 300 гаруй обьект байгаа. Үүний тал нь боловсрол, эмнэлгийн барилгууд байна. Тиймээс үүнийг төр хийх ёстой” гэлээ.

Энэ долоо хоногт УИХ-д Гааль, НӨАТ-ын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд орж ирнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэхийн тулд татвараас чөлөөлөх хуулийг яаралтай батлах ёстой гэдгийг Бие даагчдын зөвлөл дэмжиж байгаа аж.

Түүнчлэн Бие даагчдын зөвлөл “Эдийн засаг хүндэрч, валютын нөөц багассан, ханш савлагаатай байгаа  зэрэг нь Монголбанк ажлаа хэрхэн хийж байгааг харуулж байгаа үйл явдал учраас энэ долоо хоногт Монголбанкны удирдлагуудын асуудлыг УИХ авч хэлэлцэх ёстой” гэж мэдэгдлээ. УИХ Монголбанкны Ерөнхийлөгчийг томилдог учраас түүний асуудлыг эргүүлэн харах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг тэд онцолсон юм. Мөн тус зөвлөлийнхөн Байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн Газрын тухай хуулийг эргүүлэн татах шаардлагатай байгааг хэллээ. 

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж