Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр /V.19/ аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, ажилтнуудтай цахим хурал хийж, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсон, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар үүрэг даалгавар, чиглэл өглөө.
Жил бүрийн зургаадугаар сарын хоёрдахь долоо хоногийн амралтын өдөр Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр болдог. Энэ өдрийг угтан ажилтнууддаа чиглэсэн, манлайллыг дэмжсэн бүтээлч ажил, урлаг, спортын арга хэмжээ зохиож, ажил үйлсээ иргэдэд сурталчилахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг, чиглэл болголоо. “Өөдлөх айл үүднээсээ” гэгчлэн орон нутгийн байгууллагууд тэмдэглэлт өдрөө угтан гадна орчноо нэг жигд, нэгдсэн байдлаар тохижуулах юм.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форум энэ сарын сүүлээр Дархан-Уул аймагт болно. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний бусад таван агентлаг, аймгийн удирдлага багтсан Ажлын хэсэг бэлтгэлээ ид хангаж байна. Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймаг Мэргэжлийн хяналтын ажилтны өдрөөр “Ард түмэн Та-Хаан” форумыг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн чиг үүрэгт хамаарахгүй 76 асуудлаар мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхгүй болсон тухай мэдээллийг аймгууд иргэддээ хүргэж байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Ажлын хэсэг байгуулан хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг Тамгын газарт үүрэг болголоо. Урин дулааны цаг ирж халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдэж байгаа учир урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэхээр тогтлоо.
Өнгөрсөн 14 хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн байгууллагууд төлөвлөгөөт хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.
Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг нэр бүхий аймаг хууль бус мод бэлтгэл, ан агнууртай тэмцэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Гашуун сухайт хилийн боомтоор “Эрдэнэс Таван толгой”, “Энэржи ресурс” компаний 438 мянган тонн нүүрс, “Оюутолгой” компани 30 мянган тонн зэсийн баяжмал гаргажээ.
Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 54 мянган тонн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Аж ахуйн нэгжүүд Буянт-Ухаа боомтоор 24 төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирсний 50 хувь нь эм, эмнэлгийн хэрэгсэл байжээ.
Эх сурвалж: http://inspection.gov.mn