Дээд хэмжээний IV уулзалт маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Дээд хэмжээний IV уулзалт маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ–ын Шанхай хотноо болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурал /АХАИББХ/-ын Дээд хэмжээний IV ээлжит уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлэхээс гадна БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон бусад зарим орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ.

АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын энэхүү дөрөвдүгээр дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоос 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцох юм.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж