Хятад Вьетнамаас ажилчдаа татжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Хятад Вьетнамаас ажилчдаа татжээ

Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Вьетнамд Бээжингийн эсрэг хүчтэй эсэргүүцэл, үймээн бослого гараад буй билээ. Хурцадмал нөхцөл байдал Бээжингийн эрх баригчид Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай хэсэгт газрын тосны өрөмдлөгө явуулахаа зогсоохгүй гэж мэдэгдснээс болж үүсчээ. Бээжингийн үйлдэлд хорссон вьетнамчууд Хятадын үйлдвэр, ажилчид руу халдан дайрч байгаа юм. Үймээний үеэр хоёр хятад ажилчин амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Мөн Вьетнамын аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулдаг Хятад, Тайван, Өмнөд Солонгосын нийт 15 үйлдвэрийг галдан шатаасан байна.

 

Үүний дараа өнгөрсөн амралтын өдрөөр Бээжингийн албаныхан Вьетнам дахь иргэдээ татахаар таван хөлөг онгоцоо Ханой руу илгээсэн байна. Хятадын Засгийн газраас мэдээлснээр юун түрүүнд Вьетнамаас 3000 гаруй хүнийг эргүүлэн авчирчээ. Үүнтэй зэрэгцэн Вьетнамын Засгийн газраас ард иргэдийг тайвширч, үймээн бослогоо зогсоохыг уриалсан байна. 

 

Хятад, Бээжин улсуудын хоорондох газар нутгийн маргаан Бээжин Парасел арлуудын баруун хэсэгт газрын тосны өрөмдлөгийн цамхаг байршуулснаас  хойш хурцдаад байна. Парасел арлууд нь Хятадын эзэмшлээ хэмээн зарласан “U” хэлбэрийн далайн бүсэд оршдог бөгөөд Вьетнам, Тайван улсууд мөн булаацалддаг аж.

 

Б.АНХТУЯА

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж