-Хуулиа нарийн судалж, ул суурьтай хандахгүй бол эрхэм гишүүд одоо сурлага муутай сурагчийг санагдуулах боллоо-
Эдийн засгийн хямралаас бизнес эрхлэгчдийг татаж гаргах амлалт цаасан дээр “цэцэглэсээр” энэ хаврыг үдэх шинжтэй. Хаврын чуулган эхлээд сар гаруйн хугацаа өнгөрөхөд УИХ-аас баталсан тоймтой төсөл гагцхүү Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл л болж үлдэв. Араас нь Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай, НӨАТ-ын босгыг өөрчлөхөөс эхлүүлээд эдийн засгийг “аврах” агуулгатай олон төсөл УИХ-аар батлагдах ёстой ч эрх баригч хүчний байж буй царайгаар хоосон лоозон болж хувирч мэдэшгүй нь.
Хэдийгээр өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд эдийн засаг уруудсаны бурууг эрх баригч хүчний зүгээс өнөөгийн цөөнхөд тохож, алдаа бүрийг тэдэн рүү чиглүүлж ирсэн ч өнөөдөр ийм PR явахгүй нь тодорхой болов. УИХ дээр унаж байгаа хуулийн төсөл бүр гишүүд ирцээ бүрдүүлээгүйгээс, тэр тусмаа бодлогоо дэмжиж ажиллах ёстой сайд нар чуулганы хуралдаандаа суудаггүйгээс болж нэг, хоёрхон гишүүний саналын зөрүүгээр унадаг нь ёс юм шиг үзэгдэл болж хувирлаа. Жишээ татвал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хоёр ч хуулийн төсөл шил дараалан төрхөмдөө буцав. Эхнийх нь Хяналтын тухай хуулийн төсөл байсан бол хоёр дахь нь Газрын тосны тухай хуулийн төсөл юм. Тухайлбал, УИХ Хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх мөчид Засгийн газар руу буцаасан бол Газрын тосны тухай хуулийн төсөл бараг батлагдах үе дээрээ төрхөмдөө буцсан нь хамгийн тэнэг үйлдэл байлаа. Яг л “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг УИХ батлах шаардлагагүй гэж үзэн унагаадаг шиг авирыг Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гаргасан гэж хэлж болно. Чингэхдээ “Давхар дээл” тайлах хуулийн төслийг буцаах тэр үед УИХ дахь олонхийн бүлэг ирцээ хангалттай бүрдүүлж, сөрөг хүчний эсрэг хамгаалалт хийсэн бол дээр хэлсэн хоёр хуулийн төсөл дээр ач холбогдол өгсөнгүй. Унаж л байг, буцаад ирэхэд нь өөрсдийн ашиг сонирхолд нийцэх заалтаа “шигтгээд” дахиад төслийг өргөн мэдүүлчихнэ гэсэн шиг аашлав.
Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга батлагдаагүйн бурууг цөөнхөд тохсон байна билээ. Үнэндээ бол эрх баригч хүчин 34 гишүүнтэй, Засгийн газарт хамтарч байгаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг 11 гишүүнтэй, мөн бие даагч гишүүд төслийг дэмжиж байсан юм бол 24 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлгийн сөрөг кнопыг яагаад зогсоож чадсангүй вэ гэдэг асуулт гарч буй. Өөрөөр хэлбэл, төсөл унасан нь эрх баригч хүчин асуудалд хариуцлагагүй хандсан, нөгөө талдаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг хамтрагчаа гэж үздэггүй, ерөөс хатавчинд хэвтэж байх хэн ч биш нэгнээр үзэж ирсний шинж гэлтэй. Тиймгүйсэн бол Шадар сайд Д.Тэрбишдагвын өнгөрсөн жилийн турш нухсан Хяналтын тухай хуулийн төсөл хоёр дахь удаагаа УИХ-аас буцаж, сөрөг хүчнийг баярлуулах ямар хэрэг байсан юм бэ?.
Цаашид олонхи Засгийн газраас өргөн мэдүүлж буй хуулийн төсөл бүрт ийм байдлаар хариуцлагагүй хандвал Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээний хүрээнд өргөн мэдүүлэгдэх 16 төсөл батлагдана гэх итгэл үнэмшил тээхэд бэрх. Тэр тусмаа Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлагдах ёстой. Гуравны хоёрын санал шаардахгүй хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулж чадалгүй буцаалгаж байгаа нөхцөлд Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдаж чадах уу. Өр тавихгүй бол валютын ханшийг бууруулж чадахгүй, бүтээн байгуулалтын ажил явахгүй, Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө бүтэлгүйтнэ гэж яриад байгаа.
Эрхэм гишүүд ээ, үндсэн ажилдаа анхаарал хандуулахгүй бол нэг л мэдэхэд наадам дөхөж, хаврын чуулган завсарлах хугацаа тулж, баталсан хууль, тогтоол гэхээс илүүтэй унагасан төсөл, тогтоол нь илүү гарч, Засгийн газрыг хийх ажилгүй суулгасаар намрын чуулган хүртэл баяртай гээд алга болох вий.
Нөгөө талдаа, УИХ Засгийн газартаа хяналтаа тавьж ажилламаар байна. Сайд огцруулах болохоор 19 сайд нь аархлаа багтааж танхимд ирдэг, бусад асуудал хэлэлцэх болохоор нуруугаа харуулаад явчихдаг байж таарахгүй. Одоо сүүлдээ УИХ хэлэлцэхгүй асуудалгүй болох нь холгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагын ажлыг ийм маягаар явуулмааргүй байна.
Их хурлын эрхэм гишүүд хэлэлцэж буй хуулиа нарийн судалж, асуудлыг шийдэхдээ ул суурьтай хандахгүй бол энэ төрийн парламентын гишүүд сурлага муутай сурагчийг санагдуулах боллоо.
Г.ДАРЬ