Төсвийг ил тод болгох, олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс Нээлттэй нийгэм форумаас орон нутгийн төсөвт үнэлгээ өгчээ. Нийслэл хот болон 21 аймгийн төсвийн ил тод байдлыг нийт 100 баллын үнэлгээ өгч дүгнэхэд хамгийн дээд оноо нь 55 хүрсэн гэнэ.
Иймд тус байгууллагын зүгээс төсвийн ил тод байдал хөдөө орон нутагт тун хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хөвсгөл, Говь-Сүмбэр, Дорноговь аймгууд харьцангуй өндөр оноо авсан боловч нийт аймгуудын хэмжээнд төсөв нууц далд, олон нийтэд ойлгомжгүй хэвээр байна. Төсвийн ил тод байдлын жагсаалтад Баянхонгор аймаг сүүл мушгисан байх бөгөөд өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй газарт нийслэл Улаанбаатар хот, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд багтжээ. Төсвийг бүрдүүлэгч нь хянадаг тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Шилэн тендер”, “Шилэн данс “ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Увс аймагт “Шилэн халаас” нэртэй хөтөлбөр баталсан нь дэмжүүштэй сайн санаачилга байсныг Нээлттэй нийгмийнхэн онцлов. Түүнчлэн Архангай, Хэнтий аймгууд хандив тусламжийг тайлагнасан бол худалдан авах ажиллагааны мэдээллийн самбарыг нийслэлд илүү ажиллуулж байжээ. Энэ мэт сайн жишээ байгаа ч нийтэд дүгнэвэл орон нутгийн төсөв иргэдэд хараахан ил тод болоогүй байна гэж Нээлттэй нийгэм форумаас дүгнэсэн байна.
Д.ЦЭЭНЭ