Магистр, докторын сэдвийн санг цахимжуулья

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Магистр, докторын сэдвийн санг цахимжуулья

Амралтын өдрүүдэд жиргээчид сэдэв тойрч хэрэлдэлгүй, нам жимхэн өнгөрөөлөө. Асуудал хөндсөн сэдвээс илүү амралт чөлөөт цаг, аялал жуулчлалаар явсан талаараа сонирхуулцгааж байв. УИХ-ын гишүүн М.Батчимэгийн Монгол хэлний тухай хуулийг өргөн барьсан тухай, гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд нэгдүгээр ангиас төгстөл нь монгол хэл, уран зохиолын хичээл заадаг болно гэсэн мэдээллийг олон хүн дэмжив. Мөн багш бэлтгэдэг сургуулийн хонхны баяраа хийж тэмдэглээд явцгаасан газраар нэг хогтой зураг шүүмжлэгч жиргээчдийг нэг хэсэг бужигнуулав. МУБИС –ын урдах энэ нэгэн зураг “Ийм багш нар бидний хойч үеийг хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн дээ” хэмээн шогшироход хүргэв.

Ерөнхийд нь анхаарал татсан сэдвүүд боловсролын салбар, сургалттай нэлээд холбогдчих шиг болов. Нэгэн жиргээчийн “Монголд магистр докторын сэдвийн нэгдсэн систем байхгүй тул  нэг сэдвийг олон хүн "хуулж"," хумсалж" "хувилгаж" хамгаалсаар байна. Яана даа” хэмээсэн нь үнэхээр араас нь хөөж, мухарлах ёстой санаа мэт. Яахын аргагүй магистр, докторууд хэдэн зуугаараа жил бүр төгсөж, энэ хэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд төрсөөр. Гэвч тэр их эрдэм шинжилгээний бүтээлийн ашиглагдахуйц байдал, үр дүн нь хаана байгаа юм бүү мэд. Нэгдсэн системд архивлагдаж, түүнээс шаардлагатай тохиолдолд бодлого боловсруулагчид татан авах боломжтой, шинэ санаа санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэмнэлт технологийн шийдлийг амьдралд хэрэглэдэг байвал энэ олон мянган доктор, магиструуд бэлтгээд буйн хэрэг жинхэнэ утгаар гарна.

Гэвч өнөөдөр сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдгийн адил нэг бүтээлийг л хуулбарлаж, хулгайлж түүгээрээ хуурамч магистр, докторууд болцгоосоор. Бүр өдрийн баклаврын ангийнхантайгаа адил төрөөс тэтгүүлж сар бүр тэтгэмж авцгааж төгссөн энэ мэт хуурамч дипломтонгууд хэнд хэрэгтэй юм бүү мэд.

Уг нь үүнийг шийдэхэд нэг их зардал мөнгө зарлагадах шаардлагагүй. Магистр, доктор бүхэн өөрсдийн бүтээлийг нэгдсэн цахим систем рүү илгээж архивт нь оруулах үүрэгтэй л болчиход болох нь тэр. Бидний үлгэрлэн дуурайх дуртай гадаадын олон оронд бүтээлийн хулгайг гэмт хэрэг гэж үздэг. Хэрэв эшлэл зүүлт хийлгүйгээр ганц өгүүлбэр л авлаа гэхэд түүний эрдмийн бүтээлийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнд хяналт тавих боломжийг нь сэдвийн нэгдсэн систем нь бий болгодог. Гэтэл манайд энэ хяналт тавих систем байхгүйгээс нэг өгүүлбэр битгий хэл бүхэл бүтэн сэдвээр нь хулгайлсаар. Ийнхүү оюуны өмчинд халдсан, бусдаас хулгай хийсэн хүнд хариуцлага тооцох нь битгий доктор, магистр хэмээн өргөмжилсөөр.

Цахим Болжмор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж