Өнөө үед хүн ам өсөж, эдийн засаг хөгжихийн хирээр компаниудын өрсөлдөх чадвар сайжирч зах зээлийн өрсөлдөөн ширүүсч буй нөхцөлд компаниудын хувьд тогтвортой ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд бизнесийн ирээдүйгээ харсан стратеги төлөвлөлт, зөв менежмент, чадварлаг боловсон хүчинтэй байх шаардлага тулгараад байна. Гэвч компнаий захирлууд бизнесээ хэрхэн зөв төлөвлөх, менежментээ хэрхэн сайжруулах, боловсон хүчнээ хэрхэн чадавхжуулахых хүсдэгч яаж хийх, хаана хандах, зөвлөгөө авахаа мэддэггүй. Тэгвэл энэ шаадлага дээр тулгуурлан энэ сарын 20, 21-нд худалдаа аж үйлдвэрийн танхимд Менежментийн Зөвлөх Үйлчилгээний Холбоо “Consult expo 2014” бизнесийн мэргэшсэн зөвлөх компаниудын үзэсгэлэн болох гэж байгааг дуулаад үзэсгэлэнг зохион байгуулж буй Менежентийн Зөвлөх Үйлчилгээний Холбооны Гүйцэтгэх захирал Хадагтай А.Алтантуяа-тай ярилцлаа.
-Сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэсгэлэн зохион байгуулах гээд нилээд завгүй явж байгаа биздээ. Таниас одоо болох гэж байгаа үзэсгэлэн болоод орчин үед хөгжөөд байгаа бизнесийн зөвлөх үйлчилгээний талаар уншигчиддаа мэдээлэл хүргэх гэсэн юм. Ингээд удахгүй зохиогдох гэж буй Consult expo-ийн талаар уншигчидад мэдээлэл өгөөч.
-Зөвлөх үйлчилгээ нь менежмент, стратеги, мэдээллийн технологи, маркетинг, хүний нөөц, компаний засаглал, санхүү, бүртгэл, татвар, аудит, байгал орчин, ISO чанарын удирдлагын тогтолцоо, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, инжнеринг гээд олон чиглэл бүхий дэд салбаруудаас бүрддэг. Бизнес эрхлэгчдийг бүхий л чиглэлийн зөвлөх компаниудтай уулзуулах ConsultExpo 2014-г хоёрдах удаагаа Монголын Менежмэнтийн Зөвлөхүүдийн Инститүт зохион байгуулах гэж байна. Өнгөсөн жилээс эхлэн жил бүр болж байгаа уг арга хэмжээг Европын холбоо ЕСБХБанк-ны ивээн тэтгэдэг. Энэ жил Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Нийт 50 гаруй зөвлөх компани оролцож байгаа уг арга хэмжээнд бизнес эрхлэгч нарт зориулсан олон арга хэмжээг бэлдсэн байгаа. Онцлох арга хэмжээнүүдээс дурьдахад өнөөгийн улс орны эдийн засгийн байдал, ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн бизнесээ удирдахад нь оюуны үнэтэй хувь нэмэр оруулахаар монголын шилдэг зөвлөхүүд өөрсдийн амжилт дагуулсан арга хэрэгслүүдээ танилцуулах, зөвлөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлж үр дүнг нь мэдэрсэн компаниуд туршлагаасаа хуваалцах үндэсний зөвлөхийн форумыг 2014 оны 5 дугаар сар 20-нд зохион байгуулах гэж байна. Мөн бизнес эрхлэгч хэн бүхэнд жижигээс том, энгийнээс агуу асуудлууд тулгарч байдаг. Тухайн асуудлаа хэнд хандахаа мэдэхгүй эргэлзэж буй бизнес эрхлэгч хэн бүхэнд бизнесийн мэргэшсэн зөвлөхүүд бүтэн хоёр өдрийн турш тухайн асуудал бүрийг анхааралтай сонсч түүнд тохирсон зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-ЭКСПО-гоор ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зөвхөн санхүүгийн дэмжлэг буюу хөнгөлөлттэй зээл тусламж хангалттай биш бөгөөд зөвлөх үйлчилгээ нэн чухал ач холбогдолтой юм . Хэдийгээр Засгийн Газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгох , бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж байгаа боловч жижиг дунд бизнесүүдэд өдөр тутам тулгарч байдаг менежмэнтийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг зөвлөх үйлчилгээний хөгжлийг орхигдуулж ирсэн байдаг. Харин энэ чиглэлд Европын холбоо ЕСБХБанк маш их дэмжин ажиллаж ирсэн бөгөөд үндэсний зөвлөхүүд нэгдэн чуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжийг бий болгож дэмжин ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнд оролцогч зөвлөх үйлчилгээг сурталчлах, шинэ харилцагчидтай болох боломжтой бол бизнес эрхлэгчид маань ирж үзсэнээрээ өөрийн бизнест тулгараад буй аливаа асуудлуудаа шийдвэрлэхэд туслах зөвлөхийг зөвлөх үйлчилгээг хэрхэн олж авах , бизнесийн технологийн шинэ чиг хандлагуудыг мэдэж авах боломжийг олгож байгаа юм. Манай үзэсгэлэнд маркетинг, менежмэнт, стратеги, санхүү, мэдээллийг технологи, хөрөнгө оруулалт,компанийн засаглал, байгаль орчин уул уурхай, инжнеринг зэрэг бизнесийн удирдахуйн төрөл бүрийн чиглэлийн 50 гаруй зөвлөх компаниуд оролцох юм. Бизнес эрхлэгчдийн өөрсдийн олж харахгүй байсан боломж бэрхшээл, асуудлуудыг илрүүлж түүнийг шийдэх арга замыг тодорхойлж өгөх зөвлөх үйлчилгээ бизнест нь үр ашиг, хэмнэлт, өргөжин тэлэх боломж бололцоо бий болно. Энэ жилийн ЭКСПО-гоор бид 10,000 гаруй бизнес эрхлэгчид ирж үзэж сонирхон манай зөвлөх компаниуд дор хаяж 2 үйлчлүүлэгчтэй гэрээ хэлцэл хийнэ гэж тооцоолж байгаа.
Маш их завгүй ажлын хажуугаар бидэнд цаг гаргаж сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Улс орны эдийн засаг, бизнес эрхлэгчдийн амжилтын төлөө зохион байгуулж буй зөвлөхүүдийн үзэгслэнд тань амжилт хүсье.