Долоо хоногийн онцлох нийтлэл | News.MN

Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Долоо хоногийн онцлох нийтлэл
БНХАУ ам.доллартай хатуу уясан юанийн ханшаа уян хатан болгох гэж байгаа талаар бямба гаригт мэдэгдсэн нь дэлхийн эдийн засгийн хувьд томоохон сонирхолтой мэдээлэл боллоо. Эдийн засаг нь үсрэнгүй өсч байгаа Хятад дэлхийн эдийн засагт том тоглогчдын нэг болсон. Үндэсний валютын ханшаа төрөөс чанга барьж байдаг тэдний бодлогын бусад улс, олон улсын байгууллагууд шүүмжилж байсан ч Хятад байр сууриа өөрчлөөгүй. Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш хоёр жил ийнхүү гөжүүд загнаж, АНУ-ын уурыг барж байсан Хятад ханшаа уян хатан болгоно гэж мэдээлсэн нь дэлхийн эдийн засгийг хөдөлгөөнд оруулж эхэлж байна. Үүнээс үүдээд Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөөд байна. Тухайлбал,  Японы “Никкей-225” индекс 177.18 оноо буюу 1.8хувь  Өмнөд Солонгосын “Коспи” 0.9 хувь,  Австралийн “S&P/ASX200” 0.7 хувь,  Гонгконгийн “Ханг Сенг” 2.8 оноо Хятадын Шанхайн Композит хоёр хувиар өссөн байна. Түүнчлэн Сингапур, Тайванийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөлттэй байна.

Бээжингийн хийсэн энэ алхам зөвхөн ам.доллартай харьцах ханшинд биш бусад валютуудтай харьцах ханшинд нөлөөлөх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. “Хятад ийм шийд гаргасан нь Хятадын эрх баригчид Хятадын эдийн засгийн өсөлтөд итгэл төгс байгааг харуулсан явдал гэж зах зээл дээрх оролцогчид үзэж байна”  гэж “Daiwa SMBC Securities Co.Ltd” компанийн хөрөнгийн стратегич Казухиро Такахаши “Ассошиетэд Пресс” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Дэлхийн эдийн засаг хямралд орж эхэлсэн 2008 оноос Хятад юанийхаа ханшийг АНУ-ын ам.долларын ханштай уясан юм. Үүнээс Хятад хожиж, АНУ алдагдал хүлээж байна гомдол дэгдэж, хоёр улсын хоорондын харилцаанд зарим асуудал үүсгээд байсан юм. Юанийн ханш илүү чанга болсноор Хятадын экспорт үнэтэй болно. Тиймээс Хятадын хямдхан бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх гэж тэмцэж ядаж байгаа гадаадын бусад улс орнуудын үйлдвэрлэгчдэд амсхийх боломж өгч магадгүй. Өчигдрийн байдлаар Хятадын юанийн ам.доллартай харьцах албан ёсны ханш хөдлөөгүй хэвээр байна. Тэгээд ч хоёр жил ам.доллартай холбоотой байсны дараа юанийн ханш тийм ч хурдан өсөхгүй гэж Хятадын төв банк анхааруулж байсан юм. Одоогийн байдлаар Хятадын Ардын банкны юань ам.долларын ханш ямар нэг өөрчлөлтгүй буюу 6.8275 байна гэж “Синхуа” агентлаг мэдээлж байна. Бусад валютын тухайд гэвэл өнөөдөр ам.долларын ханш Японд чангарч 90.47 иен болсон бол евро ам.долларын ханш 1.2423 байна.  Хятадын Ардын Их Сургуулийн Эдийн засаг, банк санхүүгийн дээд сургуулийн орлогч захирал, профессор Жао Шижюн "Валютын ханшны тогтолцооны өөрчлөлт бол Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн бүрэлдэхүүн хэсэг мөн. 2005 оны долдугаар сарын 21-ний өдөр юанийн ам.доллартай харьцах ханшинд ихээхэн өөрчлөлт гарч, 1 ам.доллар 8.28 юаньтай тэнцэж байсныг 1 ам.доллар нь 8.11 юаньтай тэнцэх болгожээ. Үүний дараагаар, юанийн ам.доллартай харьцах ханш нь харьцангуй өссөн байна. Одоо нэгэнт 1 ам.доллар нь 6.8 юаньтай тэнцэх болж, юанийн ханш 20 хувь гаруйгаар өссөн байна. Юанийн ханшны механизм ч зах зээлээр гол болгох, уян хатан чанар нь тасралтгүй дээшилсээр байгаа” гэж ярьжээ.

Өнгөрсөн таван жилийн турш, юанийн ханш Хятадын худалдааны бүтэц, аж үйлдвэрийн шинэчлэлт зэргийг ахиулж, нэхмэл, гутал зэрэг хөдөлмөр хүч их шаардагдах бүтээгдэхүүн болон нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг бууруулж, харин машин механикийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ, юанийн ханш өсөх нөлөөгөөр, Хятадын импортын цар хэмжээ тасралтгүй өргөжих болжээ.

Хятадууд ч юанийн талаар явуулж буй бодлого үр дүнд хүрсэн, цаашид мөнгөний бодлогоо улам гүнзгийрүүлэх тухайгаа ч хэвлэл мэдээллээрээ дэлхийн нийтэд зарлан тунхагласаар.

Хэдийгээр ойрын хугацаанд ханш огцом өөрчлөгдөхгүй гэж байгаа ч Хятад үндэсний валютаа ам.долларын хатуу хүлээснээс салгаснаар хөрш орон, тэр тусмаа өргөн хэрэглээний барааныхаа дийлэнхийг Хятадаас импортлодог Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх бол?

Хэдийгээр Монгол Улс ам.долларын зах зээлтэй ч гэсэн гадаад валютын эргэлтийн чамгүй хувийг эзэлж байдаг юанийн ханш бидэнд хэрхэн нөлөөлөх вэ? Дээр хямд хятад бараатай өрсөлдөх гэж зүдэж байгаа улсуудад зол болно гэсэн бол өрсөлдөх бараа ч үгүй монголчуудын хувьд импортын барааны үнэ өсч магадгүй гэсэн айдсыг аргагүй төрүүлэхээр байна. Өнөөдөр Монголд инфцляци гаарч, бараа бүтээгдэхүүний үнэ дээшээ өсөх л ганц хэлбэлзэлтэй болоод байгааг ч хэлэх үү, бараа бүтээгдэхүүний үнэ дахиад өсөх вий гэсэн айдас дэгдээж болзошгүй байна. Гэхдээ ханшийн огцом өөрчлөлт гарахгүй гэж байгаа дэлхийн эдийн засгийг шинжээчдийн үгийг дахин сануулья. Ашигтай тал гэвэл энгийнээр жишээ авахад ам.доллараа Хятадад ганцхан хатуу ханшаар солиулж байх бус, илүү өндөр үнэ хүргэж болох талтай.

Монголчуудын нэлээд нь өвөл зуны хувцас, гэр ахуйн бараа, тавилга гэх мэт бүхий л хэрэгцээгээ “урд”-аас бэлтгэдэг. Барилгын материал, хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл гэх мэт их хэмжээний юаниар төлбөр тооцоо хийх зүйл мундахгүй. “Нарантуул”, III, IV хорооллын дэлгүүр, сэлбэгийн наймааныхан ам.долларын ханшаас илүүтэй  юань төгрөгтэй харьцах харьцааг л хамгийн их сонирхож байдаг.

Манай улсын гадаад төлбөр тооцооны 25 хувь нь юаниар хийгддэг гэсэн мэдээ байдаг. Үүнд л юанийн Монголд нөлөөлөх шууд хамаарал байгаа юм. Эдийн засагчдын үзэж буйгаар Хятадын Төв банк мэдээж мөнгөн тэмдэгтээ төгрөг, ам.доллар болон бусад валютын эсрэг чангатгах бодлого барина. Ингээд бодохоор төгрөгийн эсрэг юанийн харьцаа өнөөдөр ямар байгаа билээ гэдгийг бодож үзэх шаардлагатай болно. Та дараах хүснэгтээс 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл юанийн төгрөгийн эсрэг ханш ямар байсныг хараарай. Буурсан үзүүлэлт тэр бүр харагдахгүй дээш цойлох график мөнгөний бодлого баригчдад нэгийг бодогдуулж буй биз ээ.

“Намайн шарга” хар захад өчигдөр юанийг 202.50 төгрөгөөр аваад 203.20-иор зарж байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй ченж эмэгтэйн хэлснээр, юанийн ханш сүүлийн үед тогтвортой байсан харин өнөөдөр /өчигдөр/ 50 мөнгөөр өслөө гэсэн. Гэвч энэ нь бага хэмжээний өсөлт. Тэгээд манай эрхэм хүндэт ченжүүд яагаад ийнхүү өссөнийг тайлбарлаж чадахгүй байна лээ. Хятадын төв банкны хийсэн мэдэгдлийн талаар ч мэдэхгүй байгаа бололтой байна лээ. Юанийн ханшийн “эрх чөлөө” Монголд ямар нөлөө үзүүлж болох талаар мэргэжилтнүүдийн тайлбарыг хүргэх гэсэн боловч Монголбанкны зүгээс хариулт өгөхийг хүссэнгүй. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас юанийн ханшийн бодлогын талаар тодруулах гэсэн боловч боломж олдсонгүй. Ойрын өдрүүдэд ийм боломж олдох байх гэж найдаж байна. Храинэ эдийн засагчид юанийн ханш уян хатан болох нь Монголд төдийлөн таатай биш гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөө 2010-06-27 202.70.35.188

тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж