УИХ-ын энэ удаа шийдсэн гол зүйл нь Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн 400 км, Сайншанд-Баруун-Уртын 350 км, Баруун-Урт-Хөөтийн 290 км, Хөөт-Чойбалсангийн 150 км төмөр замыг эхний ээлжинд, өргөн царигаар барих тухай Засгийн газрын саналыг Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого болгон баталсан явдал. Манайх шиг уул уурхайн салбарт их олборлолт явуулах гэж байгаа, уул уурхайн бүтээгдэхүүнээ хоёр том хөршөөрөө дамжуулан дэлхийн зах зээлд нийлүүлэх эрмэлзэлтэй, сул эдийн засагтай орны хувьд төмөр замын дэд бүтцээ өргөтгөх, сайжруулах нь эдийн засгийн хамгийн гол хөшүүрэг гэж ойлгогдож байгаа ч Монголын төр энэ удаа Оросын талд давуу байдал олгосон гэж үзэгдэж байгаа эхний хувилбарыг сонгов. Өөрөөр хэлбэл, Чойбалсан хүрсэн төмөр зам цаашаа Чита мужаар дамжин Ванино, Хабаровск руу чиглэсэн Оросын өргөн төмөртай залгаж, ӨМнөд Солонгос, Японы зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх юм. Энэ чиглэл эдийн засагчдад хилийн урд боомтууд руу чиглэсэн хоёр дахь шатны төмөр замыг бодвол 1500 гаруй км тойрч дэлхийн том зах зээлд хүрч байгаагаараа илүү зардал өндөртэй, үр ашиг багатай харагдаж байгаа ч УИХ, Засгийн газар энэ удаад өөр байр суурь гаргалаа. Тэд Сайншандад барих хүнд үйлдвэрийн цогцолбор луу чиглэсэн өргөн төмөр замыг тавих нь үндэсний үйлдвэрлэл, эдийн засгаа тэтгэх ганц арга зам гэж харж байна. Хэрвээ Хятад руу чиглэсэн богино төмөр замуудыг эхний ээлжинд, тэгээд нарийн царигаар тавьчихвал манай уул ууррхайд хөрөнгө оруулагчид зардлын хямдыг нь хараад нүүрс, зэсээ түүхийгээр нь зөөгөөд дуусна, үүнээс Монголд үлдэх зүйл үгүй гэж.
Харин эдийн засагчид өөр байр суурь илэрхийлсээр ирсэн. Монгол Улсын одоогийн байгаа нөхцөлд байгалийн баялгаа аль болох хурдан эргэлтэд оруулья, худалдан авагч нарт олон зах зээлээр, үнийн өрсөлдөөнтэйгээр хүргэе гэж. Тэгээд ч зүүн төмөр замыг эхний ээлжинд тавих, энэ ажил дуусах хүртэл урагшаа төмөр замыг эхлүүлэхгүй байх нь хоёр хөршөө илт ялгаварлаж, нэгэнд нь давуу байдал олгосон улс төрийн буруу шийдэл гэж. Саяхан болтол манай УИХ-ын гишүүдийн дунд ч энэ байр суурь хадгалагдсаар байсан. Уншигчид санаж байвал “Ардын эрх” сонин хамгийн сүүлд энэ сэдвээр “Ардын эрхийн чуулган” зохион байгуулж, гишүүн тус бүрээр санал авахад нийт гишүүдийн 60 гаруй хувь нь урагшаа төмөр замыг ч мөн адил зүүн төмөр замтай зэрэг, яаралтай эхлүүлэх нь эдийн засагт үр ашигтай, мэдээж тэр нь нарийн царигтай байх нь зөв гэдэг саналыг хэлж байсан.
Гэвч энэ удаа парламент урьд өмнөхөө бодвол нэлээд нэгдмэл байдалтайгаар Засгийн газрын саналыг дэмжлээ. Засгийн газар ч хариуд нь зүгээр суусангүй. Санал хураалт дууссаны дараа Төмөр замын бодлогыг дэмжсэн, дэмжээгүй бүх гишүүдэд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын гарын үсэгтэй “Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан танд баярлалаа” гэсэн талархлын үг бүхий ганган өргөмжлөлийг гардуулсан байна. Өргөмжлөлд ч яах вэ, сайхан л хэлж. Харин энэ шийдвэр хөгжлийн түлхүүр байсан гэдгийг үлдэж буй ажлаараа нотлох үүрэг нь одоо Засгийн газарт өөрт нь ирлээ. Үүнийг нотолж чадахгүй бол хөөрхий нөгөө 76 гишүүн лав цом, өргөмжлөлөө амьтны нүднээс нуух гэж аргаа барах байх даа.
Холбоотой мэдээ