2014 оны түргэн тоглолтын улсын аварга спортын мастер Б.Нандинцэцэг.
100 буудалт даамын 2014 оны түргэн тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс Багануур дүүргийн тамирчин, спортын мастер С.Даваадорж, эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Нандинцэцэг нар түрүүллээ.
Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн зуун буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүргийн "Бадмаараг" төвийн байранд болж байна. Соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин, "Бодьбадмаараг" компани ивээн тэтгэж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлөөс гадна блиц болон түргэн тоглолтын улсын аваргууд эдгээр өдрүүдэд тодорлоо.
Өнөөдөр болсон түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 28, эмэгтэй 32 тамирчин оролцож, швейцарь системээр найман өрөг тоглож, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдээс Багануур дүүргийн тамирчин, спортын мастер С.Даваадорж түрүүлж, олон улсын мастер О.Түвшинболд, дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Нандинцэцэг нар түрүүлж, спортын мастер Ц.Энхцэцэг, спортын мастер Б.Түвшинзаяа нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
Өчигдөр(05.18) болсон блиц тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдэд ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Энхтуяа нар түрүүлсэн.
Зүүн гар талаас: ОУХМ Г.Ганжаргал, МУГТ, ОУХМ Д.Эрдэнэбилэг
100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн даамчид 2014 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах юм. Тэмцээний үндсэн төрөл маргааш эхэлж, ирэх баасан гариг буюу тавдугаар сарын 23-нд өндөрлөнө.
100 буудалт даамын 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөлд хоёр шатнаас шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин өрсөлдөж байна. Зургаан өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг Монгол Улсын арван удаагийн аварга, Ази тивийн аварга, ДАШТ-ий шилдэг өргийн шагналт, ОУХМ, Гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг, 1992 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга ОУХМ Г.Ганжаргал нар 10 оноотой тэргүүлж байгаа бол дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 9 оноотой удаалж байна.
Эмэгтэйчүүдийг таван өргийн дараах байдлаар өсвөрийн Ази тивийн аварга, “Улаанбаатар 2013” ДАШТ-нд оролцож, даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Зоя Голубеваг хожсон, спортын дэд мастер Моломжамцын Одгэрэл, Монгол Улсын хошой аварга, дэлхийн оюуны спортын наадмын багийн хүрэл медальт, спортын мастер Батдэлгэрийн Нандинцэцэг нар есөн оноотой тэргүүлж байна. Спортын мастер Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Е.Ариунзаяа нар долоон оноотой удаалж буй.
Маргааш эрэгтэйчүүдийн 7, 8-р өрөг, эмэгтэйчүүдийн 6-р өргийн тоглолт болно. Тэмцээн Баянзүрх дүүргийн Ботаникийн эцэст байрлах "Бадмаараг" төв дээр болж байна. Тэмцээний талаарх мэдээллийг www.mondaam.mn сайтаас хүлээн аваарай.
Ч.БОЛОР